Ц.Нямдорж: Төрд шунаг хүн орохоор юу ч бүтдэггүй
ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр энэ үеэрээ Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэрэг хэрэгсэхгүй болсон, Консул асан Д.Мөнх-Эрдэнийн хэрэг зэрэг олон асуудлаар байр сууриа илэрхийлэв.
-Та Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын ажлаа өгсөн нь нүүрсний хэрэгтэй холбоотой юу?
-Тэр үед бүгдээрээ л том бүтээн байгуулалт хийж байна гээд гангарч байсан үе нь шүү дээ. Тэгж ярих юм бол би 2012 онд баахан нууц гэрээ хийж байхад нь төмөр замын асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад захидал бичиж байсан. Буруу замаар явлаа шүү, хэтдээ асуудал болно шүү гэдгийг хэлж байсан. Ордон дотор зургаан жил бараг ганцаараа энэ асуудлыг би ярьсан.
Төмөр замын асуудлыг маш тодорхой ярих юм бол 2012 оны нэгдүгээр сарын 18-наас хойш ярьсан. Хэн ч тоогоогүй. 2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, шууд гэрээ байгуулж ажилла гэдэг шийдвэр гаргуулаад тэрийг нь нууцын горимд оруулчихаар хүн халдаж болдоггүй эд шүү дээ.
-Мафийн гэгддэг Т.Бадамжунай баригдаад ирлээ?
-Би Т.Бадамжунайг танилгүй яахав. Гэхдээ ямар асуудлаар шалгагдаж байгааг мэдэхгүй. Алтан дүрэм бол хуулийнхны ажилд хөндлөнгөөс оролцож болохгүй. Сүүлийн үед хэрэг шалгагдаж эхлэнгүүт л гараад л зарлачих юм. Би бол хэрэг ярьдаггүй байсан.
-Нүүрс, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сангийн хулгай ихэсч байна. Үүнд Хууль зүйн сайд байсан хүний хувьд ямар бодолтой яваа вэ?
-Сүүлийн үед бүх зүйлийг харлуулж байна. Энэ улс ингэж байгаад сүүлдээ аюул болоод Украин шиг удирдлагагүй болох вий. Ийм аюул байгаа шүү дээ. Юм болгоныг хулгайч гэж дууддаг боллоо. Хулгайг шүүх тогтооно. Шүүх зөв шийдвэл хулгай хийсэн нь тогтоогдоно. Гэхдээ шүүх буруу шийдэхийг үгүйсгэхгүй.
-Та улстөрд эргэж ирэх үү?
-Одоохондоо бодсон юм алга.
-Та олон жил ХЗДХ-ийн сайдаар ажилласан. Нүүрсний хулгайн асуудлыг мэдэж байсан уу?
-Тавантолгойд очсон хүн болгон хэрэгтэн болдог. Энэ Тавантолгойг 2004 оноос хойш улстөрийн зорилгоор ашиглаж байна. Үүнийг тойрсон улстөр, шунал, эрх мэдэлтнүүдийн зодоон улсын аминд хүрэх гэж байна. Би үүнийг байнга л хэлдэг байсан. Нүүрсний хулгайн асуудал төмөр зам барьсантай л холбоотой. Өмнө нь аахар шаахар зүйл байсан л байх. Төмөр зам яаралтай барь гээд 2019 оноос хойш бужигнуулсан.