Д.Тогтохсүрэн: Улстөрийн намууд хоёр сонгуульд дараалан оролцохгүй бол ТАТАН БУУЛГАНА
МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хуралдаанаар нэг асуудал хэлэлцсэн. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улстөрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн. Үүнийг бүлгээр хэлэлцлээ. 2019 онд тус хуульд нэмэлт өөрчлөлт орж байсан. Хуулийн онцлог гэвэл дөрвөн зүйл байна.
-Нэгдүгээрт, Улстөрийн намуудыг хариуцлагажуулах. Тухайлбал, хоёр сонгуульд дараалан оролцохгүй байвал идэвхгүй байдал руу шилжүүлэх. Хариуцлага тооцох, тараах зэрэг арга хэмжээ авна
-Хоёрдугаарт, Улстөрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.
-Гуравдугаарт, улстөрийн намын санхүүжилтийг нээлттэй, ил тод болгох. Аудит оруулна. Хэрвээ тайлангаа ил тод тавиагүй бол хариуцлага тооцно
-Дөрөвдүгээрт, Улстөрийн намыг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг СЕХ-нд өгч байна. Уг хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж бүлэг үзсэн. Энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Дэмжсэн тохиолдолд ирэх долоо хоногт ажлын хэсэг байгуулагдаад хаврын чуулганаар хэлэлцэж батлах чигтэй байна" гэлээ.