Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Б.Тулгыг НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ
Ерөнхий сайд бөгөөд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг албан тушаалаас нь чөлөөлж байгаагаа өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд УИХ-д танилцуулж, албан ёсоор чөлөөлсөн. Ингэснээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллындараагийн сайд хэн бэ гэсэн асуулт олон нийтийн дунд хариултаа хайж эхэлсэн юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын тухай хуулиараа 14 хоногийн дотор Ерөнхий сайд дараагийн сайдыг оруулж ирдэг" гэсэн юм.
Түүний хэлсэнчлэн Засгийн газрын тухай хуулийн 21.5-д “Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Ерөнхий сайд түүнийг 14 хоногийн дотор нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэсэн заалт бий. Энэхүү хуулийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг энэ сарын 8-наас өмнө томилох ёстой. Маргааш амралтын өдөр учраас өнөөдөр шинэ сайдыг томилно. Үүний дагуу МАН-ын Удирдах зөвлөл хэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилохоо шийдэхээр хуралдсан юм.
Удирдах зөвлөл МАН-ын нарийн бичгийн дарга Б.Тулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшүүлжээ. Тэрээр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд МАН-тай нэгдсэний дараа тус намын нарийн бичгийн даргаар сонгогдсон юм.