Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотод газар авч буй иргэн, байгууллага, хэн тэтгэлэг, тендер авч байгаа нь ил болно
E-Business платформын нээлт өнөөдөр /2023.04.06/ болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.
Тэрбээр энэ үеэр "Бүх зүйл ил болно. Нууц юм гэж байхгүй. Улаанбаатар хотод газар авч буй иргэн, байгууллага, хэн тэтгэлэг, тендер авч байгаа нь ил болно. Ил болно гэдэг нь тухайн иргэн, ААН-ийг буруутгаж буй хэрэг биш.
Эдгээр мэдээллийг иргэд мэдэх эрхтэй, харьцуулж харах, эдгээр үйл ажиллагаанд нөлөөлөл, танил тал орсон эсэхийг харж дүгнэлт хийх боломжтой болж байгаа юм.
Зарим нэг компани илүү давуу эрх авдаг эсвэл нээлттэй биш мэдээллийг танил талаараа дамжуулж авдаг асуудлыг шилэн ажиллагааны хүрээнд ил болгоно. Бүх мэдээлэл ил болчхоор олон нийтийн хяналт эдгээрийг зохицуулна. Хүнтэй харьцахгүй учраас авлига бүрдэх хөрс суурийг байхгүй болгоно.
Засгийн газар Үндсэн хуулийн дагуу эдийн засгийн үйл ажиллагааг хийх болон гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Нэг жилийн өмнө манай улсын эдийн засаг -4.7%-тай, төсөв 23 орчим хувиар тасарсан байдалтай байлаа. Гэтэл эдийн засгийн өсөлт өнөөдөр 6% руу орж байна. Энэ нь уул уурхайн эдийн засаг ил болж байгаа болон боомтуудын үйл ажиллагаа сэргэж буйтай холбоотой.
Тавантолгойтой холбоотой асуудлын тухайд 100 доллароор зарж байсан нүүрсийг 180 доллар болгосон. Тэгэхээр авлигын эсрэг тэмцэл иргэдийн амьжиргаатай холбоотой асуудал.
Засгийн газар авлигатай битгий тэмцээч, ААН-үүдийн үйл ажиллагааг хийгээч гэдэг шүүмжлэл байгаа олсон шүүмжлэл биш гэж хувьдаа боддог. Аль, алийг нь хийх ёстой. Нүүрсний тонн тутмын 80 долларын хулгайг илрүүлсэн нь буруу зүйл биш.
Засгийн газар хууль, хяналт, шүүх байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож буй зүйл огт биш, цахимжилтийг хийж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд эрхзүйн дэмжлэг үзүүлж байгаа юм.
Жишээлбэл, ГХЯ-тай холбоотой ч юмуу харилцан гэрээний асуудалд Засгийн газар оролцож шийдэж байгаа нь хууль хяналтын байгууллагуудад дэмжлэг үзүүлж байна гэж ойлгож болно" хэмээн ярилаа.