“Шүүр” ажиллагаагаар урьдчилсан байдлаар 6000-8000 албан хаагчтай холбоотой асуудал хөндөгдөж байна
“Covid-19” цар тахлын хуулийн хүрээнд төрийн албан болон төрийн өмчит компанид томилогдсон байсан албан тушаалтан, ажилчдыг чөлөөлөх ажиллагаа эхэлжээ. Эхний ээлжинд 2000 хүнийг чөлөөлж байгаа мэдээлэл ирлээ гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдэгдлээ.
Тэрбээр “Засгийн газраас 5 Ш ажиллагааг зарлаж, 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласныг та бүхэн мэдэж байгаа. Төрийн алба өөрөө хуулиа мөрддөг байх том зорилгыг агуулж, цэгцлэх зорилгоор “Шүүр” ажиллагааг зохион байгуулж байгаа.
Монгол Улсын төрд төсвөөс цалинждаг 225 мянган албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит компанид 75 мянган ажилтан ажиллаж байна. Нийт дүнгээрээ 300 мянган хүн ажиллаж байна. Олон нийтээс ирдэг шүүмжлэл байдаг. Нэгдүгээрт, төрийн албан хаагчдын чадвартай холбоотой асуудал. Хоёрдугаарт ёс зүй хандлага. Гуравдугаарт, төрийн албаны шаардлагыг хангаагүй төрийн албанаас шимэгчилж ирсэн асуудлыг хөндөж тавьсаар ирсэн.
Төрийн үйлчилгээний албанд танил тал, хамаатан саднаа томилсон, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зөрчил нэлээдгүй байсаар ирсэн.
Засгийн газар эдгээр хууль зөрчсөн мэргэжлийн бус, тодорхой зөрчил үүсгэж томилогдсон хэсгийг чөлөөлж, төрийн албыг цэвэрлэх ажлыг урьтал болгож байна.
Аль нэг нам, улстөрчдийн харьяанд байгаагаасаа болж, төрийн албыг давуу тал болгодог байдлыг “Шүүр” ажиллагаагаар таслан зогсоох ёстой.
“Шүүр” ажиллагаагаар урьдчилсан байдлаар 6000-8000 албан хаагчтай холбоотой асуудал хөндөгдөж байна.
Сүүлийн гурван жил орчим төрийн алба болон төрийн өмчит компани, орон нутгийн өмчит компанид Covid-19-ийн хуулийг үндэслэж томилгоо хийж ирсэн. Covid-19-ийн хуулийг хэрэгжүүлэхээс ч аргагүй байсан. Энэ хуулийн хэрэгжилт 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс зогссон. Хуулийн хэрэгжилт зогссоноор 2000 орчим албан хаагч, албан тушаалтны асуудал хөндөгдөж, шийдэгдээд явж байна.
Гэхдээ Covid-19-ийн хуулиар томилогдоод чөлөөлөгдөж байгаа 2000 гаруй албан хаагч нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн өмчит компанид хэрэгжиж байгаа хуулиудын шаардлагыг хангаж, шаардлагатай шалгалтад хамрагдсаны үндсэн дээр эргэн томилогдох боломж нөхцөл нь бүрдсэн.” гэлээ.