Туслах зураач 650 мянган төгрөгийн ЦАЛИНТАЙ
Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Монгол Улсын хэмжээнд соёл урлагийн боловсон хүчин бэлтгэдэг олон сургууль бий. Түүнээс жилд жүжигчин, дуучин мэргэжлээр доод тал нь 400-500 хүүхэд төгсөж байна. Гэтэл манай улс мэргэжлийн хоёр л том театртай. Сургууль төгссөн хүн бүр театрт ажиллах боломжгүй. Тэгвэл театрын нарийн мэргэжил буюу туслах зураач, тайзны ажилтан, гэрэлтүүлэгч, дуу шуумны оператор зэрэг мэргэжлээр төгсч буй мэргэжилтэн гарын 10 хуруунд л багтахаар цөөхөн. Тиймээс театрын арын алба мэргэжилтнүүдээр дутаж, энэ салбарт төрийн бодлого дутагдсаар байгаа тухай “Зууны мэдээ” сонин “Нийгэм-Асуудал” буландаа цувралаар хөндөж байгаа билээ. Бид өмнөх дугаартаа орон нутгийн театруудад арын албаны мэргэжилтнүүд хэр хүртээмжтэй байгаа тухай хүргэсэн. Тэгвэл энэ удаад соёл урлагийн салбарын боловсон хүчний цалин хангамж хэр байдгийг хөндөж байна.
Уран бүтээл гэдэг сэтгэлээс ургаж, хөдөлмөрөөр услагддаг онцлогтой. Цахим орчин хөгжиж, гар утас нөүтбүүк бидний өдөр тутмын хэрэглээ болсон, хаашаа л харна дэлгэц ширтсэн, амьд харилцаа биднээс алсран одож буй энэ үед театрын үнэ цэн улам нэмэгдэж байна. Тайзан дээр амьдрал өрнөж, бодит мэдрэмж, уярал ухаарлыг бидэнд өгдөг учраас энэ урлаг хамгийн агуу нь. Харин тэнд тоглож буй жүжигчид тухайн дүрээрээ амьдарч, тайзан дээр шатаж, тэмүүлж тоглодог бол тайзны ард гэрэл техник, дуу шуумыг нь тааруулаад зогсож буй уран бүтээлчид ч ялгаагүй тэр мэдрэмж, сэтгэлээ барьж ядан чимээгүйхэн ажлаа хийж байдаг. Тиймээс театрын жүжиг бол хамтын уран бүтээл. Тухайн багаас нэг хүн л байхгүй бол сайн бүтээл төрөхгүй. Уран бүтээлчид цогц нэгдэж байж чанартай бүтээл бүтдэг жамтай.
Гэтэл өнөөдрийн нийгэмд тайзан дээр байгаа хүн нь илүү нэрд гарч, цалин хангамжийн хувьд ч тэнгэр газар шиг ялгаатай байгаа юм. Өнөөдөр жүжигчид ядаж л кино, рекламанд тоглоод нэмэлт орлого олж чадах бол туслах мэргэжилтнүүдэд энэ боломж ховор.
УДЭТ-ын найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшин:Уран бүтээлчдийн цалинг нэмэх шаардлагатай
-Өнөөдөр Монголын урлаг хэдий болтол нэгдсэн бодлогогүй явах вэ. Театрын урлагт арын албаны мэргэжилтнүүд хамгийн чухал. Бид дэлхийн урлагтай хөл нийлүүлэн алхая гэж бодож байвал нарийн мэргэжилтнүүдээ бодлогоор дэмжиж, бэлтгэх ёстой. Уран бүтээлч хүн гэдэг сэтгэл зүрхээ урлагт зориулж, түүнээсээ эрч хүч, энерги авдаг, сэтгэлтэй хүний хийдэг ажил. Гэвч бүгд л адилхан ар гэр, амьдралтай шүү дээ. Өнөөдөр ийм бага цалингаар амьдралаа яаж авч явах билээ. Тиймээс олон авьяастай, зүтгэлтэй мэргэжилтнүүд энэ салбараасаа гарч байна. Эдгээр уран бүтээлчдийн цалинг яаралтай нэмэх шаардлагатай. Мөн нарийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг сургууль байна уу. Өмнө нь үүнийг төр бодлогоор авч үзэж, гадны орнуудад мэргэжилтэн бэлтгэдэг байлаа. Энэ тогтолцоо одоо хаана байна вэ.
УДЭТ-ын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу:Туслах мэргэжилтнүүдийн цалингийн тогтолцоог эргэж харах цаг болсон
-УДЭТ бол театрын урлагийн цөм болсон газар. Гэтэл таны ярьж буй театрын арын албаны мэргэжилтнүүд дутмаг. Төв театрт ерөнхий зураачаас гадна гурван хүн ажиллаж байна гэвэл хэн итгэх вэ. Гэтэл энэ албанд тайзны, хувцасны болон конструктор зураач алга. Гэтэл бид жилд том хэмжээний 2-3 жүжиг тавьдаг. Үүн дээрээ зураачийн баг бүрэлдэхүүнээрээ ажиллах ёстой учир бид арга буюу гадны зураачидтай гэрээ байгуулж хамтарч байна. УДЭТ-ын хувьд үе үеийн соёл урлаг хариуцсан сайд болон холбогдох байгууллагуудад хүсэлтээ тавьсаар ирсэн. Гэвч тоймтой хариу ирээгүй байна. Мөн тайзны эдгээр нарийн мэргэжилтнүүдийг бодлогоор гадны улсад бэлтгэдэг тогтолцоог эргэж сэргээмээр санагддаг. Учир нь өнөөдөр техник, технологи хөгжиж байна. Түүн дээр ажиллах боловсон хүчин бидэнд хэрэгтэй. Үүнээс гадна хүүхдүүд эдгээр мэргэжлийг сонгохгүй байгаагийн нэг шалтгаан нь цалин хөлс шүү дээ. Өнөөдрийн энэ хэцүү нийгэмд 700000 төгрөгөөр яаж амьдрах вэ. Хэдийгээр мэргэжилтнүүд ирдэг ч удаа ч үгүй цалингаа голоод өөр ажил хийх гээд гарах нь элбэг. Тиймээс төрийн зүгээс соёл урлагийн ажилтнууд буюу ялангуяа туслах мэргэжилтнүүдийн цалингийн тогтолцоог эргэж харах цаг болсон.
Цалин нь бага учир залуус туслахын ажлыг сонирхохгүй байна.
Монгол Улсын соёл урлагийн байгууллагад урлагт хайртай, чин сэтгэлтэй хүн багахан цалингаа гололгүй амьдралдаа хүргэх гэж хичээдэг гэсэн дүр зураг харагдаж байна. Мөн энэ сэдвийн хүрээнд ярьж буй эх сурвалж бүхэн театрын арын алба цалин багатай учир сонирхож ажиллах хүн олдохгүй байгааг онцолж байв. Үнэхээр бидний хөндөж бичиж буй театрын арын албаны уран бүтээлчид Засгийн газраас тогтоосон ТҮСУ-3 буюу сард 650 гаруй (үүнээс татвар авна) мянган төгрөгийн цалин авч байгаа юм. Гэтэл энэ мөнгө одоогийн нөхцөлд хангалттай цалин мөн үү. Монголын төр уран бүтээлчдээ бодлогогүй орхисны хамгийн гунигтай жишээ энэ ТҮСУ-3 гэсэн үнэлгээ юм. Энэ тухай Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатар “Үнэхээр манай арын албаны уран бүтээлчид цөөрч байгаа нь цалин хөлстэй нь шууд холбоотой. Юмны үнэ өссөн үед ийм бага цалингаар лизингээ ч төлж чадахгүй шүү дээ. Тиймээс олон авьяастай уран бүтээлчид мэргэжлээ сольж, мөнгөний төлөө өөр ажил хийж байгаа нь үнэн” гэсэн юм. Соёлын сайд Ч.Номин Соёл урлагийн салбарын ажилтнуудын цалингийн асуудлаар хэвлэлд “Соёлын салбарын ажилтнууд үндсэн цалингаас гадна соёлын хүртээмжийг нэмэгдүүлэхийн хэрээр нэмэлт урамшуулал авдаг бодлогын томоохон шийдвэр гаргаж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Аймаг сум бүр соёлын төвтэй. Эдгээр соёлын төвүүдээр дамжуулж хүн ардад соёлын бодлогыг хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлыг түгээх үүрэгтэй. Одоогийн нөхцөл байдлыг харвал, соёлын төвүүд харилцан адилгүй орон тоотой, голцуу үйлчилгээний албан хаагч ихтэй ажиллаж байгаа. Тиймээс өнгөрсөн онд Сангийн сайдтай хамтарсан тушаал гаргаж, соёлын төвийн стандартыг баталсан.Ингэснээр сумдын соёлын төвийн төсөв гурав дахин нэмэгдэж байгаа. Мөн давсан орлогынхоо 60 хувийг ажилтнууддаа урамшуулал байдлаар олгох эрхийг нь өгсөн. Өөрөөр хэлбэл, манай харьяа байгууллагууд хэчнээн сайн ажиллаж, хүн амын соёлын хүртээмжийг дээшлүүлж байна тэр чинээгээрээ цалин орлогоо хүссэнээрээ нэмэх хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгсөн” гэж ярьжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
|