“Шувуу“ ажиллагааныхан Т.Бадамжунайг авчрахаар Филиппин рүү нисжээ

2023 оны 4 сарын 04

Arslan.mn

Засгийн газрын "5Ш" ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. "5Ш"-ийн нэг болох "Шувуу" ажиллагааг олон нийт илүүтэй анхаарч байна. Учир нь, томоохон хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан олон хүн бий. Эдний нэлээд нь улстөрчид, тэр дундаа Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд байгаа юм. Бас төрийн том компанийн захирал, шүүгчээр ажиллаж байсан хүмүүс ч байдаг.  "Шувуу" ажиллагааны явцын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар арваад хоногийн өмнө "...АТГ-т шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан, мөрдөн байцаалтын үйл ажиллагааг тасалдуулж байгаа 18 хүний нэр байгаа. Бусад мөрдөх байгууллагад харьяалагдаж байгаа нийлээд 100 гаруй хүнийг эрж хайх, нутагтаа авчирч мөрдөн шалгах үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайдаас өглөө. Өмнө нь мөрдөн байцаагчийн саналыг үндэслэж прокурорын тогтоолоор дээрх хүмүүсийн гадаад паспортыг хүчин төгөлдөр бус болгож, гадаад улс орнуудын хилийн шалган нэвтрэх байгууллагууд руу хүргэх үүргийг өгсөн. Энэ ажил хийгдэж байна. нэмээд энэ хүмүүсийн санхүүжилттэй холбоотой, өөрсөдтэй нь хамаатай санхүүжилт, гадаадад ашиглагдаж байгаа данс, Монголоос мөнгө шилжүүлж авч байгаа, Монголд нээлгэсэн дансыг хаалгахыг үүрэг чиглэл болгож байна" гэж мэдээлсэн.

Тэрбээр ойрын өдрүүдэд Ардчиллын төлөөх дээд түвшний II уулзалтын хүрээнд БНСУ-ын Засгийн газраас Сөүл хотноо зохион байгуулсан Энэтхэг, Номхон далайн бүсийн “Авлигатай тэмцэхэд тулгамдаж буй сорилт, ололт амжилт” сэдэвт сайд нарын түвшний уулзалтад оролцож буй юм байна. Энэхүү "Авлигатай тэмцэхэд тулгамдаж буй сорилт, ололт амжилт” сэдэвт сайд нарын түвшний уулзалтад БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин, Хууль зүйн дэд сайд Ли Ну Гун, АНУ-ын Худалдааны сайд (USTR) Катерин Тай, Индонезийн Гадаад хэргийн сайд Ретно Марсуди, ФАТФ-ын Ерөнхийлөгч Ража Кумар, Авлигатай тэмцэх олон улсын академийн дарга Томас Стелзер, “Транспэрэнси Интернэшнл” байгууллагыг үүсгэн байгуулагч Петр Еиген болон Австрали, Япон, Энэтхэг, Тувалу, Мальдив, Филиппин, Палау, Шинэ Зеланд, Маршалын арлын орнуудын төлөөлөгчид оролцож, авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх цаашдын арга хэмжээнүүдийн талаар санал солилцжээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар авлигатай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, “5Ш” ажиллагааг цогц байдлаар хэрэгжүүлж эхлээд буйг мэдээлжээ. Бас хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, компанийн засаглалыг ил тод болгох зэрэг зорилтуудын хүрээнд холбогдох хуулиудыг УИХ-аар хэлэлцүүлж буйг тэмдэглэсэн байна.

Тэр үеэрээ БНСУ, Филиппин улсуудтай "шувууд"-аа барьж  авчрах талаар албан ёсоор тохирчээ. Энэ талаар "Зууны мэдээ" өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл энэ "тохироо" хийгээд "Шувуу" ажиллагааныхны ажлын үр дүн богино хугацаанд гарчихаж байгаа аж. Тодруулбал, хамгийн олон жил "нисэж" байгаа Т.Бадамжунайгийн сургийг Филиппинээс гаргажээ. Түүнийг АТМ-аас мөнгө авч байхад Филиппиний хууль хяналтынхан илрүүлж, улмаар байршлыг нь тогтоосон байна. Бичлэгийг нь ч манай хууль хяналтынханд ирүүлжээ. Тиймээс "Шувуу" ажиллагааны багийнхан буюу АТГ, ЭЦА-ныхан Т.Бадамжунайг барьж авчрахаар уржигдар Филиппин рүү ниссэн байна.

Т.Бадамжунай нь 2018 оны арванхоёрдугаар сард Замын-Үүдийн боомтоор "УАЗ-469” буюу бидний ярьдгаар “69”-д суугаад хил давсан гэдэг. Түүнээс хойш Филиппин, Сингапур зэрэг улсад амьдарч байгаа гэх албан мэдээллүүд дуулддаг байв. Тухайн үед тэрбээр томоохон хэрэгт шалгагдаж эхлээд, байдал эвгүйтэх үед ийн хил давж зугтсан гэдэг.

Дашрамд хэлэхэд, түүнд холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж байгаа юм байна. Яллагдагчаар татах саналыг ойрын үед прокурорт гаргах бололтой.

Ер нь бол Т.Бадамжунай гэдэг хүн Монголын улс төр , бизнесийн бүх холбоо сүлжээг атгадаг байв. Түүний оролцоогүй асуудал гэж Монголд байгаагүй юм. Товчхондоо, тэрбээр МАН-ыг ч, АН-ыг ч зохицуулдаг гол хүн нь байсан гэдэг. Шуудхан хэлэхэд "...МАНАН бүлэглэл" гээд байдаг хүмүүсийн гол зохицуулагч, шийдвэр гаргагч нь байсан гэдэг юм. Зугтах хүртлээ шүү дээ. Тэгж зугтах үед нь "...Т.Бадамжунай хил давахаасаа хэд хоногийн өмнө “Tween tower”-ын 13 давхарт байдаг оффистоо бусдаас их хэмжээний бэлэн мөнгө авсан. Түүнийгээ яаж “зарцуулсан” зэрэг баримт нь хуулийн байгууллагынхны гарт орсон байна” гэсэн бүдэг бадаг мэдээлэл гарсан. Өөр мэдээлэл дуулдаагүй.

Харин өнөөдөр ээлж дараалан ил болж буй томоохон хэргүүдийн араас мань эр гарч ирсээр байгаа аж. Тиймээс том хулгайд орооцолдсон улстөрчид түүнийг ирүүлэлгүй дөрвөн жил гаруй "нисгэчихсэн" байгаа юм. Тийм учраас түүнийг ийн баригдаж эх орондоо ирэх сургаар нэр бүхий томоохон улстөрчид  сандралдаж эхэлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
645865
3 эможи

keyboard_arrow_up