Эрх баригчид парламентын засаглалаа хамгаалах ШИЙДВЭР ГАРГАЛАА

2023 оны 3 сарын 30

Arslan.mn

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр найман цаг хаалттай хуралдаж, шийдвэрээ танилцуулав.  Дэд хорооноос нүүрсний хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Нүүрсний хэрэг бол  УИХ-ыг ч “унагаж” мэдэх том хэрэг гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байгаа. Тэгвэл эрх баригчид нүүрсчидээ явуулж, парламентын засаглалаа хамгаалж үлдэх шийдвэрийг гаргав.  Хэрэв өмнөх түүхийг давтаж, гурван гишүүнийг хамгаалж үлдсэн бол өнөөдөр монголын улс төр хэрхэн “халах”-ыг тааварлах аргагүй.  Учир нь нүүрсний хэрэг дээр олон нийтийн бухимдал дээд цэгтээ хүрсэн. Энэ нь цаашлаад төрийн тогтворгүй байдалд хүргэж, ямар ч үр дагаврыг дагуулж мэднэ.  Ямартай ч эрх баригчид дэд хороо, бүлгийн хуралдаанаасаа эхлээд  парламентын талд шийдвэрээ гаргаж эхлэв.  Дугаар шилжих мөчид МАН-ын бүлэг хаалттай хуралдаж гурван гишүүнийг түдгэлзүүлэх шийдвэрийг мөн гаргасан.  Түүнчлэн Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар товлоод байв.  Байнгын хороод  нууцаар санал хураалт явуулж, шийдвэрээ өнөөдөр УИХ-д танилцуулж, эцсийн шийдвэрийг нэгдсэн чуулганаар гаргах учиртай.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын байгууллагын үндэслэлд, Т.Аюурсайхан гишүүний хувьд үндэслэлгүй хөрөнгөжих, зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэсэн үндэслэлээр шалгах шаардлага үүсжээ. Тус хэрэгт холбогдуулан 11 хүнтэй уулзахыг хязгаарлаж, нэг хүнийг яллагдагчаар татжээ. Нийт 119 хүнийг гэрчээр дуудсан байна. 

Харин УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг мөнгө угаах, хөрөнгө завших, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг дөрвөн зүйлээр яллагдагчаар татжээ. Уг хэрэгт холбогдуулан 66 хүнийг гэрчээр дуудаж, 11 хүнийг яллагдагчаар татсан байна. Компанийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан гэж үзэж байгаа юм байна. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг үндэслэлгүй хөрөнгөжих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэн яллагдагчаар татжээ. Нийт 16 эд хөрөнгийг битүүмжилж, 60 хүнийг гэрчээр дуудан асуужээ. Энэ талаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Гишүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдах гэж байгаа учраас мөрдөх байгууллагад ажиллах боломжийг нь олгох нь зүйтэй. Гишүүнээс түдгэлзүүлэхгүйгээр ажиллагаа явуулах нь хэргийг шалгаж байгаа мөрдөгч болон хяналт тавьж буй прокурорт эрсдэл үүсгэнэ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүний хамаарал бүхий объектод орвол хууль бус ажиллагаа болдог. Яагаад гэвэл гишүүний халдашгүй дархан байдалд нөлөөлсөн гэж үздэг. Гишүүнийг албадан саатуулах, өрөөнд нь нэгжлэг хийхийг хориглох хуулийн заалттай. Мөрдөн шалгах байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангахын тулд нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан" гэлээ.

Халдашгүй байдлын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Мөрдөн шалгах ажлыг шуурхай явуулж гэм буруутай гэж  үзвэл шүүхэд шилжүүлэх, гэм буруугүй нь тогтоогдвол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сэргээх саналыг түргэн хугацаанд УИХ-д оруулж ирэх саналыг Ерөнхий прокурор болон хууль хяналтын байгууллагад хүргүүллээ. Дэд хорооны гишүүд санал нэгтэйгээр энэ шийдвэрт хүрсэн” гэсэн тайлбар өгчээ. Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нар багтдаг билээ. 

Тэгвэл өчигдөр орой хуралдсан бүлгийн хуралдааны шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Халдашгүй байдлын дэд хорооны мэдээллийг бүлгийн хурлаар сонссон. Мөн  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үүсээд буй нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлж, чиглэл өглөө. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах нь зүйтэй талаар намын даргын хувьд байр сууриа илэрхийлсэн. Бүлгийн гишүүд Халдашгүй байдлын дэд хорооны саналыг дэмжих шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг бүлэг дэмжсэн" хэмээв. Бүлгийн хуралдаанд 61 гишүүнээс 46 гишүүн оролцсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645752
1 эможи

keyboard_arrow_up