“БУЯН“ компанийн захирал Б.Жаргалсайхан: Би зээлээ ТӨЛМӨӨРГҮЙ БАЙНА
Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөлд Голомт банкинд олгосон зээлийн талаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн асан Б.Жаргалсайханы компани "Буян" ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлээ 9 жилийн хугацаанд төлөөгүй байгаа аж.
Хурал даргалж буй УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
- "Буян" ХХК муу зээлдэгч хэмээн шаардлага хангаагүй байхад ч зээл авчээ. 2013-2022 он хүртэл 9 жил зээлийн эргэн төлөлтөө ч хийгээгүй байна. Ихэнх зээл чинь хүүгүй байжээ. Та төрийн хайр хишгийг сайн хүртжээ, Жаргалсайхан гуай. та энэ үед УИХ-ын гишүүн байжээ. Муу зээлдэгч гэсэн хэр нь Хөгжлийн банкнаас Голомт банкаар дамжуулан 14 тэрбум төгрөгийн зээл авчээ. Шүүх хуралдаан болдоггүй юм уу, банк нь араас явдаггүй юм уу, Жаргалсайхан гуай та зээлээ төлөхгүй юм уу.
"Буян" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан: Монгол Улсад ямар ч бизнес хийгээд мөнгө олох боломжгүй. Өнөөдөр нэг л банкны асуудал яриад байна. Угтаа бол бүгд хэцүү байгаа шүү.
Надаас зээлээ яагаад төлөхгүй байна вэ гэж асууж байна. Би зээлээ төлмөөргүй байна. Яагаад гээч.. ажил хийх боломж надад өгөөгүй. Ноолуурыг нь зах зээлийн үнээс 30-40 хувиар илүү их үнээр хятадууд аваад явчхаж байна. Малчдаас ченж ноолуурыг нь үнэтэй аваад татвар төлөхгүй хятадуудад өгч байна. Харин бид үйлдвэрлэл эрхлэхийн тулд татвараа төлж байна. Ялгаа нь энэ. Үүнээс болоод энэ ажил явахгүй байна. Сүүлийн үеийн технологи нутагшуулж хөгжүүлээд уйгагүй ажиллавал зөвхөн ноолуурын салбараар Монгол Улс 2-3 миллиард ам.доллар олж болох боломжтой.
Банкны зээл, татварын өр зээл гээд бараг 100 хувийн алдагдалтай ажиллаж байна. Би ганц алдаа хийсэн. Тогтвортой байдлын гэрээ хэлэлцээрийг Засгийн газартай хийх байсан юм. Хэрэв зах зээлийг нь тогтвортой байлгаж өгөхгүй бол Буян ХХК-ийн өмнөөс өрийг нь төлөх заалттай гэрээ байх ёстой байсан" гэв.