ХӨГЖЛИЙН БАНК: Гэрчүүдийн мэдүүлэг ноцтой зөрвөл тэдгээрийг НҮҮРЭЛДҮҮЛНЭ
Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол өнөөдөр (2023.03.13) Төрийн ордонд эхэллээ.
Энэ удаагийн буюу гурав дахь шатны сонсголд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн сэдвээр зохион байгуулна. Энэ хүрээнд нийт 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудсан бөгөөд 2023 оны гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд 5 өдөр дараалан зохион байгуулах юм.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар “Сонсголын ирцийг Тамгын газар бүртгэж, ирээгүй гэрч, шинжээч, хянан шалгагч, ажиглагч болон холбогдох бусад этгээдэд сонсголын товыг мэдэгдсэн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг сонсгол даргалагчид илтгэн танилцуулна” гэж заасны дагуу ирцийн ерөнхий мэдээллийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн танилцууллаа.
Энэ удаагийн сонсголд Хянан шалгах түр хорооноос томилогдсон хянан шалгагч, шинжээч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа аж. Түүнчлэн сонсгол даргалагчийн урилгаар Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирсэн болохыг Ж.Лхагвасүрэн дарга танилцуулав. Монгол Улсын Хөгжлийн банкны одоогийн удирдлага, албан тушаалтнууд сонсголд оролцож байгаа бол хөндлөнгийн ажиглагчаар Нээлттэй нийгэм форум, Оюуны инновац, Цогц хөгжлийн үндэсний төв, “Бодлогод залуусын хяналт” зэрэг 4 төрийн бус байгууллагын төлөөлөл хүрэлцэн иржээ.
Сонсголыг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр удирдаж байгаа бөгөөд өнөөдөр АСЕМ вилла төсөл, АСЕМ зочид буудал, Мах хөтөлбөр 2016 он, Тайж группын зээлтэй холбоотой багц асуудлуудаар дуудагдсан 68 гэрчээс асуулт асууж, холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлах ба Хянан шалгах түр хорооноос томилогдсон хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлтийг сонсоно.
Сонсголыг нээлттэй явуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах ч Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 45.3-т заасан үндэслэлээр түр хорооны гишүүн нийтийн сонсголыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулах горимын санал гаргавал гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх дэгтэй. Нотлох баримтыг шинжлэн судлах зорилгоор гэрч, шинжээч, хянан шалгагч болон бусад оролцогчоос сонсгол даргалагч болон зөвхөн Түр хорооны гишүүд асуулт асууж болох бөгөөд асуулт, хариултын хугацаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны нийтлэг дэгийн дагуу тус бүр 4 минут байна. Хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авч болох дэгтэй. Тусгай шалгалтын сэдэвтэй холбоогүй, тодорхойгүй, салаа утгатай, хөтөлсөн, гэмт хэрэгт буруутгасан, доромжилсон шинжтэй асуулт тавих нь сонсголын дэгээр хориотой. Энэ төрлийн агуулгатай байвал сонсгол даргалагч тухайн асуултыг алгасаж, хариулт авахгүйгээр дараагийн асуултыг асуух дэгийн зохицуулалттай. Мөн асуултыг алгасах саналыг гэрч хуралдаан даргалагчид гаргах боломжтой юм.
Гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал сонсголын явцад тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах боломжтой бөгөөд хянан шалгах түр хорооны гишүүн мэдүүлгийн зөрүүтэй байдлыг гаргаж тавих, үүнтэй холбогдуулан нэмэлт асуулт асуух, эсхүл давтан асуух эрхтэй бөгөөд сонсголд оролцогчид сонсголын явцад дуу, дүрсний бичлэг хийх, зураг авах нь хориотой.
Ингээд Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын зочид, төлөөлөгчдийг хүлээн авч байрлуулах АСЕМ вилла төслийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлах ажиллагаа эхэлсэн. Эхлээд Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчид зээлийн талаар гаргасан тайлан, дүгнэлт болон бичмэл нотлох баримтуудаа танилцуулж, Хянан шалгах түр хорооны гишүүд тайлан, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.