АТГ: Нүүрсний хэрэгт 78 иргэн, албан тушаалтныг яллагдагчаар татсан
АТГ-аас өнөөдөр /2023.02.28/ мэдээлэл хийлээ.
Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн: Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж, 78 иргэн, албан тушаалтанд хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Үүнд, нийтийн албан тушаалтан 42 байна.
Яллагдагчаар татагдсан иргэн, албан тушаалтнууд:
- Зам тээврийн сайд асан 1,
- Төрийн нарийн бичгийн дарга асан 2,
- Аймаг сумын Засаг дарга 2
- УИХ-ын гишүүний зөвлөх 1
- Гаалийн улсын байцаагч 12
- Хил хамгаалах байгууллагын ажилтан 4
- Авто тээврийн үндэсний төвийн ажилтан 4
- Боомтын захиргааны мэргэжилтэн 2
- ЭТТ ХК-ийн ажилтан 6
- Тавантолгой төмөр зам ХК-ийн 3
- Нэр бүхий хуулийн этгээдийн 14 албан тушаалтан,
- 12 иргэн яллагдагчаар татагдаад байна.
Хэргийг шалгах явцад 17 яллагдагчийг цагдан хорьсон бол одоо 8 хүн хоригдож байна. Мөн улсын хилээр гарахыг хязгаарласан 35, албан үүрэг биелүүлэхийг нь түдгэлзүүлсэн 4, хувийн батлан даалтад 26, мөрдөн шалгах явцад 13,8 тэрбум төгрөгийг хахуульд авсан нь тогтоогдсон тул 94 үл хөдлөх хөрөнгө, автомашин, зогсоол, агуулах, газар, хувьцаа, арилжааны банкны зарлагын гүйлгээ, үнэт цаас, бондын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, битүүмжлээд байна.