ХАВРЫН ХАЛУУН ӨДРҮҮД

2023 оны 2 сарын 27

Arslan.mn

Сүүлчийн боломж 

Энэ удаагийн парламент ирцийн бэрхшээлтэй, гишүүд нь ёс зүйн асуудалтай байна. Эрх баригчид хаврын улстөржилтийг даахгүй болсон парламентаа тараачихгүй шиг дараагийн их хуралд шилжих, тэгэхдээ гишүүдийнхээ тоог нэмж жижиг намуудаас төлөөлөл оруулж үүдсэн хүндрэлүүдийг ачааг үүрүүлж, ардчиллын зарчим барьсан мэт харагдахыг хичээнэ. Намаас гаргасан шийдвэр нь энэ. Харин цаадуул нь энэ дүйвээнээр 3.4 сая хүнд 76 гишүүн цөөдөж байна гэсээр УИХ-д суучих, цөөн гишүүнтэй нь бүлэгтэй болчих, бүлэгтэй нь сайн өрсөлдөөд хамтарсан засагт орчих хүслээр шавдуулж байгаа. Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн тогтолцоо шийдэгдвэл хугацаанаас өмнө их хурлын сонгууль ч зарлагдах магадлалтай. Харин тэр сонгуульд энэ их хурлаас хэд нь нэр дэвших бол. Магадгүй тэдний хувьд ажил хэрэгч хууль тогтоогчоо харуулах ганцхан улирлын чуулган үлдээд байж ч болох юм.

Намрын цэвдэг өдрүүд 

Хаврын халуун өдрүүд айсуй. Гэхдээ нарны халуун биш улс төрийн халуун. Энэ их хурал бүрэн эрхийнхээ хугацааг дуустал ажиллах эсэх их эргэлзээтэй. Өнгөрсөн жилийн удаа дараагийн жагсаалуудаар “УИХ тар” гэж хүртэл шаардсан. Энэ нь иргэд төрийг тогтворгүй байлгах гэж биш ёс зүйгүй, хулгайч гишүүдээс салъя гэсэн санаа. Намрын чуулганы сүүлийн өдөр хуулиудыг эцэслэн батлах болоход ирцийн асуудалд орж УИХ-ын дарга өөрөө “Хэдүүлээ ерөөсөө ингэж байхаар тарах уу” хэмээн уулга алдав. УИХ ирцийн хямралд орсон, гишүүд нь Хөгжлийн банк, Нүүрсний хэрэгт орооцолдсон, аяллаар явсан гишүүнээ өвчтэй гэж хамгаалдаг нь баригддаг, туслахууд нь гишүүнийхээ өмнөөс чөлөө авдаг нь задарч баригдсан гээд ер нь их хурал сонгогчдын өмнө хэлэх үггүй болж байх шиг. Яг энэ эгзэгтэй үед МАН-ын шийдвэрээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яригдав. Энэ өөрчлөлт хийгдвэл араас нь сонгуулийн хууль өөрчлөгдөнө. Ингэснээр ирэх намар сонгууль зарлагдах магадлалтай. Гэхдээ энэ их хурлаас одоо юу хүлээх вэ гэвэл УИХ-ын хаврын чуулганаар маш чухал хуулиуд хэлэлцэгдэхээр байгаа юм. Үүнээс өмнө намрын чуулганы зарим тоон мэдээллийг авч үзье.

 УИХ-ын намрын чуулган

Чуулганы нэгдсэн хуралдаан 32 удаа хуралдан 180 асуудал хэлэлцсэн

Байнгын хороод 108 удаа, Дэд, Түр хороо 8 удаа, Хянан шалгах түр хороо 9 удаа хуралдаж, 256 асуудал хэлэлцсэн

Бие даасан хууль 18, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 271, УИХ-ын тогтоол 38-ыг баталсан

Хянан шалгах чиг үүргийн хүрээнд 25 ажлын хэсэг ажилласан

Гишүүд  88 асуудлаар 18 асуулга, 19 асуудлаар 7 асуулт тавьж, Засгийн газрын 7 мэдээллийг нэгдсэн хуралдаанаар сонсов

Давхардсан тоогоор 47 гишүүн 180 асуулт асууж, үг хэлсэн байна

Үнэндээ УИХ-ын намрын чуулган улстөржсөн асуудалдаа чирэгдсээр нийгмийн суурь хуулиудаа баталж чадаагүй. Газрын хуулиуд, боловсролын хуулиуд, төрийн өмчийн бодлого зохицуулалтыг сайжруулах хууль, тогтоолууд бүгд хүлээгдэж байна. Тэгэхээр энэ парламент Хаврын чуулганыг маш үр дүнтэй ашиглахгүй бол парламентын нэр хүнд дараагийн сонгуульд одоогийн эрх баригч хүчний байдалд ихээхэн нөлөөлөхөөр болчихлоо. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалд Н.Алтанхуяг, Г.Амартүвшин  Х.Ганхуяг Ё.Баатарбилэг нар, араас нь нүүрсний хулгайтай холбогдон шалгагдаж байгаа гишүүд А.Адъяасүрэн Д.Бат-эрдэнэ Ц.Анандбазар Н.Наранбаатар Б.Баттөмөр Ц.Сэргэлэн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат Т.Аюурсайхан гээд нийт энэ их хурлаас 13 гишүүн шалгагдаж байна. Эхнээс нь яллагдагчаар татаад хилийн хориг тавиад эхэллээ. Эндээс Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Дээр нь нэмэгдээд МАН-ын залуу боловсон хүчнүүд, аймгаасаа гарах магадлалтай гэж байсан олон дарга татагдан орлоо. Үнэндээ өнгөрөгч намрын чуулган Монголын парламентын хувьд нэр хүнд нь унасан цэвдэг өдрүүд байлаа.

Парламент тогооноосоо хальж буцлах өдрүүд

     Ёс зүйн зөрчил, авлига хулгайтай хууль тогтоогчид холбогдсон явдлууд нь эрх баригчдын нэрийг доош чирж, одоо хаврын чуулганы хугацаанд л эрчимтэй ажиллаж нэр хүндээ өсгөх эс бөгөөс яаралтай нам доторх цэвэрлэгээгээ хийж хулгайчдаасаа салах хоёр замыг тулгав. Гишүүд нь ажил хэрэгч, хариуцлагатай байдлаараа парламентын нэр хүндийг өргөж идвэхтэй ажиллах боломж энэ их хуралд байсан. Гэвч Хөгжлийн банкны чанаргүй зээл, нүүрсний хэрэгтээ гишүүд нь чирэгдээд, дээр нь ихэнх гишүүд хууль тогтоогчоосоо давсан албан тушаалын төлөө улайрав. Эцэстээ УИХ гишүүдийнхээ давхар дарга болох хүслийг дийлэхээ байсан. Үүгээр нь олзолж Засгийн газар парламентад хяналт тогтоож, ихэнх гишүүдийг нь ээлжлэн сайд болгов. Энэ УИХ-д сонгогдсон МАН-ын 62 гишүүний 43 нь сонгогдсоноо хойш дэд дарга, сайд, Байнгын хороо, дэд хорооны дарга болов. Эргээд улс төрийн дэмжлэг авсан гишүүд нь ядаж ирцтэй, идэвхтэй байж хариу дэм үзүүлсэнгүй. Харин ч бүр гишүүдийн ёс зүйн асуудал нэмэгдэж, бүрэн эрхийг нь цуцалж шалгах шаардлагатай, яллагдагчаар татаж хэрэг нь шүүхэд шилжих гэж байгаа гишүүдийн тоо ч нэмэгдээд байна.  Ингэж өрнөж байгаа үйл явдлыг намын дарга нь “авлигатай тэмцэх нь намын нөхөдтэйгөө, өөрөө өөртэйгөө тэмцэх явдал” гэж үзээд авлигатай тэмцэхэд намын харъяалал хамаагүй гэж мэдэгдээд байгаа юм. МАН-ын даргын хувьд Ерөнхий сайдын албан тушаалаа ашиглан авлигачид нүүрсчидтэй хүчтэй тэмцэх нь. Өөрийнх нь намаас угшилтай олон улстөрч татагдан орж цэвэрлэгээнд өртөнө. Нүүрсний асуудлаар УИХ хоёр дахь сонсголоо хийх гэж байна. Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэх судлах сонсголд ч олон гишүүн дуудагдав.

 Харин бусад гишүүд нь. Намрын чуулганаар ирц оролцоогоороо манлайлж, төлөөлөх ардчиллын жигүүр гэдгээ харуулж чадаагүй гишүүд тойрогтоо сар шинийн боов, гурил, гарын бэлэг тараагаад нүүрээ тахалчилна гээд гарч өгөв. Сар шинийн дараа Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажил шуударвал араас нь сонгуулийн хууль тогтолцоо залгаад яригдана. Иргэд бол сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн ч хуучин хүмүүс нь буцаад ороод ирдэг “улс төрийн тавилга”-тай болж улс төрийн гахай тэжээхийг хүсэхгүй байгаа. Ийм нэрээр цоллуулахгүй байх боломж одоогийн гишүүдийн хувьд хаврын чуулган л болж байна. Ингээд хаврын чуулганаар гишүүдэд ажил хэрэгч дайчин гишүүн болохоо батлах боломж өгөх, гол хуулиудыг харуулъя.

Хаврын чуулганаар хэлэлцэх онцлох хуулиуд

-Газрын багц хууль

-Боловсролын багц хууль

-Байгаль орчны багц хууль

-Аялал жуулчлалын хууль

-Нийгмийн даатгалын ерөнхий хууль

-ААНОАТ-ын тухай хууль

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль

-Төсвийн тухай хуулийн өөрчлөлт

-Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль

-Хамтын тэтгэврийн тухай хууль

Нийт хууль, тогтоолын төсөл 58 байна. Эндээс Газрын багц хууль, Боловсролын багц хууль, Байгаль орчны багц хууль, Аялал жуулчлалын хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, ААНОАТ-ын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төсвийн тухай хуулийн өөрчлөлт Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Хамтын тэтгэврийн тухай хуулиуд онцгой анхаарал татаж байна. Үүнээс гадна энэ парламент уг нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой 40 гаруй хуульд өөрчлөлт оруулах ёстой. Үүнээс 13 хуульд л өөрчлөлт оруулаад байгаа билээ.

Парламентын нэр хүндийг өсгөх шаардлагатай. Энэ нэр хүндийг хууль тогтоох дээд байгууллагад сонгогдон ажиллаж байгаа гишүүд нь л өргөж, хамгаалах учирай. УИХ-д зөвхөн хуралдаа суудаг, ёс зүйтэй, улс төр бизнесийн бүлэглэлд үйлчилдэггүй, хууль тогтоох ажлаа л хийж цаас нухах хүн хэрэгтэй. Ийм хүмүүстэй байхад л парламентын нэр хүнд сонгогчдын дунд өсч, төрийн нэр хүнд дээшилнэ. Эрх баригч хүчин одоо ёс зүйн доройтолд орсон, ажил хэрэгч хандлагагүй гишүүдээсээ сална. Салахын тулд Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг яаравчлах нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, шинэ сонгууль. Энэ шинэ сонгууль ирэх намар ч зарлагдахыг байг гэх газаргүй. Харин одоогийн гишүүд тэр шүүлтүүрт багтаж орохын тулд хэн их боов гурил, гарын бэлэг тараахаасаа илүү ирэх хаврын чуулганд хууль тогтоогчийн хувьд би хэн бэ гэдгээ харуулах л ганц боломж байна. Дээр нь намын даргынх нь чирж, чиглүүлж байгаа авлига хулгайтай хийх тэмцэл үр дүнд хүрвэл нэр цэвэр гишүүдээ, нэмээд шинэ залуучуудыг улс төрд хөтлөх дүр зураг бий. Түүнээс өмнө улс төрийн хувьд хаврын өдрүүд халуухан байхаар байна.

Хаврын чуулган хаврын улстөржилтөө даах уу?

     Энэ халуурал одоо парламентын тогооноос хальж, улс орныг бүхэлд нь татан оролцуулсан том сэдэв болно. Ингэж газар авахуулахгүй тулд ч магадгүй Бүх ард түмний санал асуулга биш Зөвлөлдөх санал асуулга явуулж буй биз. Гэхдээ үүссэн нөхцөл, хүрэх үр дүнгийн тухай бодитой мэдээлэлгүй олон түмнийг талцуулан “Тогтолцооны өөрчлөлт” гэх том нэрээр төөрөгдөл үүсгэх байдлууд газар авлаа. Тэгэхээр ирж буй хаврын халуун өдрүүдээс өмнө нийтээрээ ойлголтоо нэг багцалбал зүгээрсэн. Үндсэндээ “тогтолцооны өөрчлөлт” гэдгээ эхлээд бүгдээрээ ул мөртэй ойлгож байж асуудалд хандах нь чухал. Үүнд, нийгмийн оюун санаанд төдийгүй улс төрийн амьдралд нөлөөтэйд тооцогддог зарим хүний бичиж нийтэлсэнийг онцлоход. Ерөнхий сайд асан С.Баяр “Тогцолцоог сайжруулна гэдэг нь хэн, юу хариуцахыг илүү тодорхой болгоно гэсэн үг. Би тэгж ойлгодог. Тэрнээс эрх мэдлийг хольж хутгаад бантанг жонхуу болгохыг хэлэхгүй” гэжээ. Харин энэ талаар нийтлэлч Баабар бичихдээ “Эрх мэдлийн хуваарилалт тодорхой бишээс болоод сонирхсон юм руугаа бүгд хошуу дүрнэ. Хэн нь ингэх эрхтэй эрхгүй нь мэдэгдэхгүй, сүүлдээ сайн дурынхан тухайн эрх мэдэлд шавах болсон. Яг л баасан дээр цугласан ялаа шиг” гэсэн байна.

Ийнхүү тогтолцооны өөрчлөлтөө зөв зүйтэй ойлгож тайлбарлахгүй талцуулж байгааг хараад зарим нь Үндсэн хуулиа өөрчилж хэрэггүй ч гэх байр суурийг хэлэв. Тухайлбал Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Үндсэн хуулийг оролдоод байх юм бол төр тогтдоггүй л байхгүй юу. Манайх чинь 300 жил харийн эрхшээлд байж байгаад гучхан жил л тусгаар улсын хувиар явж байгаа улс шүү. Энэ 30 жилд чинь арай гэж Үндсэн хууль тогтож ядаж байхад нь буцаагаад бужигнуулаад хаячихдаг. Жишээ нь гишүүдийн тоог нэмнэ л гэх юм. Тэр тухай ярихын оронд УИХ-д суудаггүй гишүүдээ 76 гишүүнээ суулгаж сургах хэрэгтэй. Ер нь бол энэ улсад зөндөө хууль байна. Түүнийгээ тогтвортой мөрдөөд УИХ-ын гишүүд нь ёс зүйгээ чанд баримталчихвал болчих гээд байгаа юм” гэв. Бодит байдлаа харвал МАН-ын 43 гишүүн нь ямар нэг байдлаар давхар алба ээлжлэн хашсан, 19 сайдын 15 нь “давхар дээл”-тэй. Парламент, гүйцэтгэх засаглал хоёр нэг гудсан дээр тухлаад хяналт тэнцлээ мартсан. УИХ хуулиа чанартай батлахаас илүү амбицаа барьж чадахаа байсан гишүүнийнхээ хүслийг хангах гэж зутарч байна. Яг ийм нөхцөлд бол харин Үндсэн хуулиа өөрчилж гишүүдийн тоогоо нэмэх биш гишүүдээ ёс зүйтэй болгож, хуулийг тогтоон хэрэгжүүлэх нь чухал ч гэж нэг хэсэг нь үзэж тогтолцооны өөрчлөлтөөс эмээж эхлэв. Харамсалтай нь хуулиа өөрсдөө зөрчөөд зувчуулаад байдаг дарга нартай, хуулийн хэрэгжилтийг хянах хууль батлах ёстой парламент нь иргүй, гишүүд нь ёс зүйгүй гээд гажуудлынхаа үндэс нь өөрөө болчихсон учраас асуудал ийм болтлоо ужгирсан. Энийг засах ёстой. Гэхдээ ардчиллын үнэт зүйлээсээ ухарч болохгүй. Энэ тухай УИХ-ын гишүүн асан Д.Энхбат бичихдээ “Тогтолцоог сайжруулах, тогтолцоог өөрчлөх хоёр их ялгаатай. Ардчиллын тулгуур зарчмуудаасаа ухарч байвал тогтолцоогоо сайжруулах биш, харин өөрчлөх гэж оролдож бна гэсэн үг дээ” гэв.

Өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн оролцоогүй хууль баталж харуулав, зөвлөлдөх санал асуулгаар далимдуулж шинэ Үндсэн хууль шургуулах гэж үзэв. Олон үзэгдэл болж байна. Зарим хэсэг нь шинэ Үндсэн хуулийн тухай ярьж, 1992 оны Үндсэн хуулийг шилжилтийн үеийн зохицуулалтын хууль байсан гэж байгаа бол зарим нь 1992 Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал нь ардчиллын тулгуур хэмээж байгаа. Ямартай ч үзэл бодол, ашиг сонирхол, эрх мэдлийн хуваарилалтыг хөндсөн маш том сэдэв энд яригдаж байна. Улс төр одоо “хална”. Бүр парламентын тогооноосоо халина. Харин ачааллыг нь, хаврын улстөржилтөө энэ их хурал дааж чадах уу гэдэг л байна. Харвын халуун өдрүүд айсуй.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645035
0 эможи

keyboard_arrow_up