Ардын Их Хурлын депутатуудыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүндэтгэн хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Ардын их хурлын депутат Ж.Гүррагчаа, Х.Пүрэвдагва, П.Балдан-Очир, Б.Осор нарыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүндэтгэн хүлээн авч, “Үндсэн хуулийн эх сурвалж” 12 боть номыг биечлэн гардууллаа.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 32 минутад Ардын Их Хурлын II хуралдааны 57 дахь өдөр Монгол Улсын шинэ Үндсэн хууль үнэмлэхүй олонхын саналаар батлагдаж байв.
Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр "Яг гучин нэгэн жилийн тэртээх энэ түүхэн үйл хэргийг бүтээлцсэн хүмүүс бол Та нар.
Цоо шинэ цагийн нийгмийн гэрээний тунхаг бичгийг бөхлөн гагнах үеийн түүхэн баримтаас хэдхэн мөр уншихад л Та бүхний хичээл зүтгэл, догдлол, хариуцлагыг эс бүхнээрээ мэдрэн, бахархах сэтгэл оргилж байна.
Энэ 12 боть бол улс орныхоо иргэн бүрийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарласан, улс орныхоо ардчилсан хөгжлийн чиг шугамыг шинээр тодорхойлоход чин сэтгэлээ шингээсэн депутатууд Та бүхний сэтгэлгээ, хүсэл зориг, зовинол, үзэл бодлын илэрхийлэл болох халуун маргаан, ширүүхэн мэтгэлцээний тэмдэглэл юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тусгайлан үүрэг болгосны дагуу энэхүү түүхийг бүтээгч Ардын Их Хурлын депутатууд Та бүхэндээ шинэ сарын босгон дээр, бэлэгт сайн энэ өдөр “Үндсэн хуулийн эх сурвалж” 12 боть бүтээлийн дээжийг гардуулан өгөх хүндтэй үүргийг биелүүлж буйдаа баяртай байна.” хэмээгээд Үндсэн хуулиа дээдлэн сахигч нийт ард иргэддээ угтан золгож буй XVII-р жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Сар шинийн мэнд хүргэлээ.