Ш.Адьшаа: 1500 иргэнд нэг удаагийн нөхөн олговор олгох тухай хуулийг энэ долоо хоногт ХЭЛЭЛЦЭЖ ӨГНӨ ҮҮ
Чуулганы хуралдааны өмнө гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Хоёр асуудлыг хэлэлцэх асуудалд оруулахыг хүсч байна. Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгаланд Ховд аймгийн Халзан бүрэгтэйн ордны талаар арваннэгдүгээр сарын 3-нд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд асуулга тавьсан. Энэ асуулгын хариуг хуульд заасан хугацаанд нь өгөөгүй. Зөвхөн албан тоот өгсөн.
Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг Баруун бүсийг эрчим хүчээр хангах мега төсөл гэдгээр нь дэмжиж яаралтай эхлүүлэхийн төлөө байгаа. Энэ төслийг эхлүүлэх хүрээнд нөлөөллийн бүсэд байгаа гурван аймгийн 300 өрхийн 1500 иргэнд нэг удаагийн нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг арваннэгдүгээр сарын 8-нд өргөн барьсан. Гэтэл он дамжиж байхад хэлэлцэхгүй байна. Энэ хоёр асуудлыг УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэж өгнө үү.