Тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох хуулийн төсөл өргөн барьжээ
ХНХЯ-наас нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийг шинэчлэхээр төсөл боловсруулж УИХ-д өргөн барьжээ.
Хуулийн төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 84 сар байгааг 60 сар болгож бууруулсан, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт болон бусад нөхцөлийг тусгасан байна.
Ингэснээр тэтгэврийн даатгалын сан тогтвортой ажиллах нөхцөл бүрдэх, ирээдүйд бий болох хүн ам зүйн ачааллын өсөлт, насжилтыг угтаж тэтгэврийн тогтолцооны загварыг өөрчлөх замаар ахмад настанд тулгарах эрсдэлийг бууруулах, нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиас бусад хуульд заасан тэтгэвэр тогтоох нөхцөлийг энэ хуульд тусгаж, хууль хоорондын зөрчил арилж, уялдаа холбоо хангагдаж, даатгуулагчийн нийгмийн баталгааг хангах зэрэг эерэг үр дагавар бий болно гэж үзжээ.
Монгол Улсын хүн амын дундаж наслалт 2021 онд 71.01 жил болж, 26 жилийн өмнөх дундаж наслалтын түвшинтэй харьцуулахад 7.23 жилээр өсжээ. Тухайлбал, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.05 болж 4.95 жилээр, эмэгтэйчүүдийнх 76.47 болж 11.04 жилээр өссөн байна. Тэтгэврийн насны хүн 2020 онд нийт хүн амын 9.85 хувийг эзэлж байсан бол 2030 онд 13.37, 2050 онд 19.42 хувьд хүрэхээр байгаа аж.
Иймээс Монгол Улсын тэтгэврийн сангийн урт хугацааны тогтвортой байдал, тэтгэврийн зохистой хэмжээг хангах бодлогын хувилбарыг боловсруулах хэтийн тооцооллыг Дэлхийн банкны зөвлөхөөр хийлгэжээ.
Тэтгэврийн даатгалын сангаас 2022 оны 11 дүгээр сарын байдлаар 476.2 мянга гаруй тэтгэвэр авагчдад 2.8 их наяд төгрөг зарцуулжээ. Өндөр насны тэтгэвэр авагчдын тоо нийт тэтгэвэр авагчдын 77.9 хувь буюу 371.1 мянгад хүрсэн байна.
Түүнчлэн 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2020 онд 4 байгаа бөгөөд 2025 оноос эхлэн хүн ам зүйн цонх үе хаагдаж, дундаж наслалт нэмэгдсэнээр нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсөж 2030 онд 7, цаашид 2050 оноос 9 тэтгэвэр авагч болох тооцоолол гарчээ.