“Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” тогтоолын ТӨСЛИЙГ БАТАЛЛАА

2022 оны 12 сарын 23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдлаа.
Тогтоолын төсөлд: Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, Асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, Үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар тусгажээ. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чуулганд танилцуулахдаа “Монгол Улсын Үндсэн хууль, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу ард иргэдийн төлөөлөлтэй зөвлөлдөж, гарц, шийдэл олох шаардлагын хүрээнд уг тогтоолын төслийг боловсруулсан болохыг хэлж байв.  Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлсэн. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Зөвлөлдөх санал асуулга явуулахыг дэмжиж байна. Иргэдтэй уулзахад санал асуулга хийх нь зөв учраас УИХ-аас тогтмол зохион байгуулах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Зохион байгуулалтын асуудлыг анхаарах хэрэгтэй. Өчигдрийн нээлттэй сонсгол шиг оролцох гэж байгаа хүмүүстээ маш сайн мэдээллийг өгөх нь чухал байна. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: 
-УИХ-ын тогтоолын нэгдүгээр зүйлд улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлыг эрэмбэ, олон нийтэд мэдээлэл өгөх, иргэдийн оролцоог хангах, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвшилцөх үндэсний хэмжээний санал асуулга явуулсугай гэсэн. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлт, инфляц, гадаад валют, ажилгүйдэл, эдийн засгийн асуудал, жагсаал цуглааныг олон нийт ярьж байгаа. Зөвлөлдөх санал асуулгаар Үндсэн хууль, тогтолцоог өөрчлөх талаар ярихгүй. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 
-Иргэдтэйгээ нийгэм эдийн засгийн байдлыг хэлэлцэх нь зөв. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн зүйл тодруулъя. Нээлттэй сонсгол зохион байгуулахад иргэд хулгайн асуудлыг богино хугацаанд хэрхэн шийдэж, ямар хариуцлага хүлээлгэх вэ. Иргэдийн амьдрал эрс муудаж байна. Иргэдийн 1072 хувьцааг амь оруулах асуудлыг хэлж байна лээ. 


УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: 
-Санал асуулгад зөвлөлдөх зөвлөлийг долоо хоногт байгуулна. Сэдвүүдээ боловсруулж, журмын дагуу санал авах ажлыг статистикийн байгууллага зохион байгуулдаг. Эхний шатанд 18 насанд хүрсэн иргэн оролцох бөгөөд статистикийн аргачлалаар санал асуулга авна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 
-Гарц шийдлийг иргэд тогтолцооны өөрчлөлт хийх гэдгийг хэлж байна. Хяналтын хорооныхон нэгдээд байна. Хулгайг үндсээр нь өөрчилье гэвэл сонгуулийн тогтолцоог өөрчилж, парламентаа бэхжүүлэх шаардлагатай. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Өчигдрийн нээлттэй сонсголыг би бүтэн сонссон. Төрийн тогтолцооны асуудлыг иргэд ярьж байна лээ. Нийгмийн болон эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн тусламжтайгаар тодорхойлж ярилцъя. Иргэд, жагсагчид, эдийн засаг, эрдэмтэн судлаач, гишүүдээрээ хэлэлцэнэ. Зөвлөл байгуулж, ямар сэдвээр ярих вэ гэдгийг хуулиар зохицуулна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 
-Бид төлөөллийн ардчиллын зарчмаас шууд ардчилал руу шилжиж буй элемент гэсэн үг. Ингэж зөвлөлдөх хуультай. Хэлэлцэх асуудалд тогтолцоо, нийгмийн бүх асуудал орох байх. Хүн амын дийлэнх санал гарвал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэнэ. Тогтолцооны хувьд бид өнөөдөр заавал Үндсэн хуульд хүрэлгүйгээр өөрчлөлтийг хийх боломж бий. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд ард түмнээс санал асуулга авахдаа бүгдийг нь адилхан оруулж байгаад аль нь хамгийн санал авсан нь хэлэлцэх ёстой. 
Ийнхүү чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолыг төслийг батлав. Энэ үеэр  УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ "...Хөгжил дэвшлийн шинэ ирээдүйг тодорхойлох асуудлыг ард түмэнтэйгээ ярьж, санал бодлыг сонсож, тэднийг мэдлэг мэдээлэлтэй болгож, хамтран хэлэлцэж шийдвэрлэхийн тулд Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай тогтоолыг баталлаа. Улс орны нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан, хуримтлагдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга зам, эрэмбэ дараалал, гарах шийдвэрийн талаар ард иргэдтэйгээ зөвлөлдөх ёстой. Ингэхдээ, Монгол Улсын 3.4 сая ард иргэдийг төлөөлөх, 300 мянган малчдыг төлөөлөх, багш, эмч зэрэг мэргэжил, сонирхлын бүлгийг төлөөлөх чадвар, оролцоог хангах хэрэгтэй. Ингээд тэднийгээ тэнцвэртэй мэдээллээр хангаж, мэдлэг мэдээлэлтэй болгож байж зөвлөлдөх санал асуулга явуулан, хүндрэл бэрхшээлтэй асуудлаа тодорхойлно. Буруудсан, уруудсанаа засаж, авлига, хулгайн үндсийг тасалж, хууль засагладаг ардчилсан төрийн тогтолцоогоо аварч, хөгжлийн шинэ ирээдүйг тодорхойлох энэ түүхэн боломжийг бид алдаж болохгүй. Тиймээс энэ зөвлөлдөх санал асуулгыг ард түмнийхээ төлөөлөх чадварыг хангаж, оролцоог хангаж, шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит тооцоо арга зүйд түшиглэж, үр дүнтэй, чанартай зохион байгуулах талаар УИХ-ын гишүүд онцгой анхаарч, идэвхтэй оролцож ажиллах нь чухал байна. Зөв мэдлэг, мэдээлэлтэй хүн л зөв шийдвэр гаргаж чадна. Сэтгэлийн хөдөлгөөн, уур бухимдлаар, аль эсвэл үзэн ядалтаар асуудлыг шийдэхгүй. Улам байдлыг хүндрүүлнэ. Иймд УИХ-ын гишүүд ардчиллын талаар, ард иргэд маань тэнцвэртэй, бодитой мэдээллээр хангагдаж байж төрийн үйл хэрэгт оролцох ёстой гэдгийг ойлгож, дэмжиж ажиллах шаардлагатай байна" хэмээн онцлон тэмдэглэв.
Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг төрийн болон улс төрийн албан тушаарлтныг оролцуулалгүй, нийгэмд нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, асуудлыг шийдвэрлэх чадвартай, боломжтой, мэдлэгтэй мэдээлэлтэй хүмүүс, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоотой байгуулна. Мөн эрдэмтэн мэргэдийн судалгаа, дүгнэлтийг сонсох үүднээс эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-тай хамтран зохион байгуулах бөгөөд нийгмийн зөвшилцлийн үндэсний хэмжээний чуулга уулзалт хийнэ. Хуульд заасан эдгээр шат дараатай арга хэмжээний талаар УИХ-ын дарга мэдээлэл өгөөд, "Бид монгол хүмүүс. Монголоо гэсэн сэтгэлээр, Монголынхоо ирээдүйн төлөө монгол эх хэлээрээ харилцан ярилцаж, зөвлөлдөж асуудлаа шийдье хэмээн өнөөдрийн шийдвэрийг гаргалаа. Бид чадах ёстой. Сөргөлдөн тэмцэлдэж, сөрөг хүчин байхын тулд биш, хагаралдан бутарч, эвээ алдаж, аюулгүй байдлаа муутгахын тулд биш эвийг хичээж, зөвийг олж, шударга ёс, эрүүл тогтолцоог төлөвшүүлэхийн төлөө зөвлөлдөж шийдэх тогтоолыг УИХ баталлаа..." хэмээгээд үүнийг бүх нийтээр дэмжиж, идэвхтэй оролцохыг уриаллаа. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643659
0 эможи

keyboard_arrow_up