Ерөнхий хяналтын сонсголын ЭРГЭН ТОЙРОНД

2022 оны 12 сарын 22

Arslan.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өчигдөр нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа. Ерөнхий хяналтын сонсгол өглөөний 10.00 цагт эхлэх байсан ч оролцогч иргэдийн зүгээс зохион байгуулалттай холбоотой асуудлаар эсэргүүцлээ илэрхийлэв. Мөн Төрийн ордны гадна зарим иргэд нүцгэлж, иргэдийн дунд эмх замбараагүй байдал үүссэн.  Тиймээс зохион байгуулагчдын зүгээс  сонсголыг хойшлуулсан юм. Өчигдөр болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

10:00 цагт. 
Ерөнхий хяналтын сонсголын микрофоныг товлосон цагтаа нээв.  Мөн сонсголыг даргалагч УИХ-ын гишүүн С.Чинзориг хуралдааныг эхлүүлэхээр дэгийг танилцуулах гэсэн боловч хоёр тусдаа танхимд зохион байгуулахыг зарим оролцогч эсэргүүцэв. Үүний дараа ажлын хэсэг иргэдийн саналыг авч хэлэлцээд, өдрийн 13.00 цагт Төрийн ордны Их танхимд эхлүүлэх шийдвэр гаргав. 

11:00 цагт.  
УИХ дахь АН-ын бүлгээс  мэдээлэл хийв.  Учир нь Ерөнхий хяналтын сонсголыг эсэргүүцсэн иргэдийн олонх нь АН-ын гишүүн залуус байсан гэдгийг мэдээлсэн.  Тэгвэл АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ерөнхий хяналтын сонсголыг харин ч АН-ын гишүүд санаачлан Төрийн ордонд хийх эрх зүйн орчин бүрдээд байна.  Манай намын гишүүдийн зүгээс эмх замбараагүй байдал үүсгэсэн асуудал байхгүй, иргэд өөрсдөө үзэл бодлоо илэрхийлсэн” гэлээ. 

11:30 цагт. 
Сүхбаатар талбайн баруун, зүүн талын замыг хаалаа. Учир нь жагсаалд оролцож буй 17 иргэн Төрийн ордны гадна талд нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.  Иймд эдгээр иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, болзошгүй эрсдэл гэмт хэрэг зөрчлөөс, урьдчилан сэргийлэх зорилгоор талбайн зүүн, баруун талын замын хөдөлгөөнийг түр хаасан юм. 

12:00 цагт. 
Нөхцөл байдал намжив. Энэ үеэр сэтгүүлчид нүүрсний хэрэгт холбогдоод буй зарим гишүүдээс байр суурийг нь сонслоо. 

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн:
-Би 40 мянган жолооч,  2000 мэргэжилтнийг  ажлын байраар хангадаг ажил олгогч эмэгтэй. Эрх баригчид хулгай, луйвраа нуухын тулд сөрөг хүчин рүүгээ дайрч байна. Өнөөдрийн байдлаар намайг хууль, хяналтын байгууллагаас шалгаагүй. Би шалгуулахад бэлэн.  Улс төрд орсон цагаас хойш намайг маш их хэмжээний гүтгэлэг дагасан. Үнэн мөнийг дэнслэх ёстой гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ: 
-Би бизнес эрхэлдэг, үнэн. Бүх зүйл нээлттэй, нууцгүй байх ёстой.  Бүх юм нь нээлттэй байвал монголчууд зөв хөгжинө. Тиймээс бүгдээрээ нээлттэй байя. Нээлттэй сонсголдоо идэвхтэй оролцоцгооё. Хуулийн байгууллагаас УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгана гэвэл болно, би зөвшөөрнө. Нүүрсний хулгайтай холбоотой гэх 17 улстөрчийн нэр дотор миний нэр орсон. Одоогоор хууль хяналтын байгууллагаас дуудаж шалгаагүй байна. Шалгуулахад би бэлэн” гэсэн тайлбар өглөө. 

12:30 цагт.  
Төрийн ордны баруун хаалганы дэргэд нүцгэн суулт зарласан иргэдийн  биед Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч нар үзлэг хийж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "Жагсагчид нүцгэн суулт зарлаж, осголтын зэрэг тогтоогдож, цаашлаад амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол үүсэх эрсдэл гарсан. Тиймээс цагдаагийн байгууллагаас 30 иргэнд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч нартай хамтран биед нь үзлэг хийж байна" гэлээ. 

13:00 цагт: 
Ерөнхий хяналтын сонсгол эхлэв. Сонсголд үг хэлэхээр 59 иргэн бүртгүүлсэн талаар хуралдааныг даргалагч, УИХ-ын гишүүн С.Чинзориг мэдээлэв. Тэрбээр "Нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар нэгэнт УИХ-аас шийдвэр гаргаад иргэдийнхээ саналыг сонсохоор нээлттэй сонсгол явуулж байна. Ийм учраас иргэд болон гишүүд нь асуултаа асууж, хариултаа авч, саналаа хэлээд явчихвал яасан юм бэ. Иргэд та бүхэн чөлөөтэй ярь. Мөн гишүүдээр ч яриулъя. Иргэд, гишүүд ээлжлээд асуултаа асуугаад, үгээ хэлээд явах боломжоор нь хангая. Одоогоор сонсголд 59 иргэний нэрийг өгсөн. Гэхдээ  эдгээр иргэнээр хязгаарлагдахгүй" гэв.

13:20 цагт. 
Сүхбаатарын талбай дээр жагсаж буй залуусын төлөөлөл шаардлагаа уншиж танилцуулав.  Тэдний зүгээс улс орны асуудал яригдаж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,  УИХ-ын дарга Г.Занданшатар нарыг сонсголд оролцуулах, сонсголд оролцож буй иргэн бүрийн үгээ хэлэх эрхийг эдлүүлэхийг шаардсан юм. 

14:00 цагт. 
Сангийн сайд Б.Жавхлан сонсголд мэдээлэл хийв.  Тэрбээр “Нүүрс тойрсон хулгай гэж яриад байгаа зөрчлүүдийг таван бүлэгт хувааж авч үзсэн. Нэгдүгээрт, тээвэртэй холбоотой. Үүний цаана томоохон далд эдийн засаг бий болсон байгаа. Хоёрдугаарт, оффтейк. Гуравдугаарт, хилийн хяналтын байгууллага бүртгэлгүй, эсвэл хоосон гэж бүртгүүлсэн зөрчил. Дөрөвдүгээрт,  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн буюу талбай дээрээс 340 мянган тонн нүүрс зөөвөрлөсөн зөрчил бий.  Мөн АМНАТ-тай холбоотой зөрчил нэлээд яригддаг. Гэтэл АМНАТ дээр бид энэ хугацаанд харьцангуй бага алдсан. Ер нь алдаагүй гэж хэлж болно. 2014-2019 оны тогтоол, өнгөрсөн оны 174 дугаар тогтоол зэрэг дээр амны үнээс АМНАТ авч байгаагүй” гэдгийг тэрбээр онцлов. 

14:30 цагт. 
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт зорчих болон онцгой төрлийн зөвшөөрлийн бичгийн зарцуулалтын талаар мэдээлэл өглөө.  Тэрбээр "БНХАУ-тай зөвшилцөж, хоёр талдаа тэнцүү зөвшөөрөл олгодог. 2020 онд нийт олгосон С зөвшөөрлийн 89 хувийг, 2021 онд 95 хувийг, 2022 онд 75 хувийг ашигласан байдалтай байна. Одоо 50 мянган С зөвшөөрөл олгохоор харилцан тохиролцоод байна. Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхтэй холбоотой тогтоол гарсан. Өнгөрсөн хугацаанд Авто тээврийн үндэсний төвийн олгодог С зөвшөөрлийг боомтын төв олгож эхэлсэн. С зөвшөөрлийн олголтыг уурхайн компаниуд хийх шийдвэр гарсан. Үл ойлголцлын бага сага асуудал гарч байгаа, бид харилцан ойлголцож ажиллахаар ажиллаж байна. Цаашид С зөвшөөрлийн олголтыг илүү боловсронгуй болгох талаар ажиллаж байна” гэв. 

15:00 цагт. 
Оффтейк гэрээ болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээнүүдийн талаар Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийв. Тэрбээр Засгийн газрын 449 тоот тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой"-н нийт долоон гэрээг нууцаас гаргасан. Үүнээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилт болон төлбөрийг нүүрсээр барагдуулахтай холбоотой хоёр гэрээг ил болгосон. Түүнчлэн Богдхан төмөр замын санхүүжилт болон төлбөрийг нүүрсээр барагдуулах зарим гэрээг нууцаас гаргасан. Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой загийн усны хоолойн гүний усны ордоос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх усан хангамж шугамын хоолойн барилга угсралтын ажлын гэрээг компанийн нууцад оруулсан байсныг ил болгосон. Дээрх гэрээнд хэд хэдэн заалт оруулсан байгаа юм. Гүйцэтгэгч нь төслийн санхүүжилтийг олон улсын банк, санхүүгийн байгууллага болон бусад талуудаас хөрөнгө босгох замаар санхүүжих бөгөөд хөрөнгө босгохтой холбогдсон санхүүгийн болон бусад зардлыг “Эрдэнэс Тавантолгой”  ХК нүүрс нийлүүлэх гэрээний дагуу нүүрсний үнэд хөнгөлөлт үзүүлэх замаар нөхөн төлнө гэдэг заалт оруулж өгсөн байна. 

16:00 цагт. 
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас сэтгүүлчид  нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор мэдээлэл авлаа.  Тэрбээр “Одоогоор нүүрсний хэрэгтэй холбоотойгоор БНХАУ-аас ямар нэгэн нэрс ирээгүй. 2021 оноос эрх зүйн туслалцаа авах хүсэлт хүргүүлсээр байна.  Нүүрстэй холбоотой хэрэгт, хилийн тодорхой цахим бүртгэлүүдэд өөрчлөлт орсон учраас боломжгүй гэх хариу авч байсан.  Одоогоор нүүрсний хэрэгтэй холбогдсон 87 хуулийн этгээдийн зургаа нь байгууллага, 81 нь хувь хүн байна. Тэдний тав нь улс төрд нөлөө бүхий хүн байна. 463 хавтаст хэргийг хянахад нэлээн хугацаа шаардаж байна, цаг авч байна. Мөрдөгчөөс шалтгаалахгүй олон зүйл бий.  Мөн прокурорын байгууллагаас нүүрсний хэрэгтэй холбоотой хэрэгсэхгүй болсон 15 хэргийг сэргээн шалгаж байна.  Мөн экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг нүүрсний хэргээр биш өөр хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа гэх мэдээлэл байна" гэв.

16:30 цагт. 
 УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: 
-Нүүрсний хэрэгтэй холбогдуулж 2871 хүн гэрчээр байцаагдаж байна гэлээ. Миний хувьд гэрчээр байцаагдсан. Гэрчээр байцаагдсан хүмүүсийн хэд нь төрийн өндөр албан тушаалтан, алба хашиж байсан хүмүүс байна вэ. 

Прокурор:
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад төрийн өндөр албан тушаалтан найман хүнээс гэрчээр мэдүүлэг авсан.

17:00 цагт. 
Жагсагчдын төлөөлөл: 
-Нүүрсний хулгайч нарын нэрийг зарлах том, том акулуудыг зарлахыг шаардаж байгаа. Акулууд чинь хаана байгаа юм бэ. Хулгайч нарт ялыг өгөөд, хөрөнгийг хураахыг иргэд хүсэж байна.
Энэ асуултад АТГ-ын дарга З.Дашдаваа хариуллаа. Тэрбээр “Зарласан 17 хүнийг шалгах ажил эхэлж байна. Одоогоор нийт 3000 орчим хүн байцааж, 70 объектод нэгжлэг хийж, 34 үл хөдлөх хөрөнгийг битүүмжиллээ. Цаашдаа энэ тоо хэд хүрэхийг мэдэхгүй. Иргэд шуурхай ажиллахыг шаардаж байна. Тиймээс бид нүүрсний хэргийг шуурхай шалгаж, ямар нэг этгээдэд давуу байдал олгож, ял завшуулахгүйгээр ажиллах болно. Асуудлыг шалгаад хүмүүсийг яллагдагчаар татъя гэдэг саналаа прокурорт өгнө.  Нэр холбогдсон гишүүдийг дуудаж байцаасан. Одоо нотолгооны ажил явагдаж байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тухайд, хилийн хориг тавих асуудлыг мөрдөгч, прокурор бие даан шийдвэрлэнэ.  Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас гурван асуудалд тайлбар авсан. Гурван асуудал нууц учраас ярих боломжгүй.  Хилийн хоригийн тухайд мөрдөгч дүгнэлт хийж, таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай эсэхийг шийднэ. Мөн  Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, Н.Алтанхуяг нарыг гэрчээр дуудаж тайлбар мэдүүлэг авлаа. Цаашдаа шалгах шаардлагатай хэнийг ч үлдээхгүй, хэнийг ч завшуулахгүй, хэнийг ч хэлмэгдүүлэхгүй. Яллагдагчаар татагдсан хүмүүсийн дунд ихэвчлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн холбогдолтой хүмүүс байна.  УИХ-ын гишүүн байхгүй”  гэв. 

17:30 цагт. 
Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван мэдээлэл хийв.  Тэрбээр “Нүүрсний асуудлыг тойрсон маргаанууд гарч байна. Гаалийн байгууллагаас 2013, 2018, 2022 онуудад дотоод хяналт шалгалтуудыг зохион байгуулсан. Манай байгууллагаас үйл ажиллагаатай холбоотой дотоод хяналт шалгалтын үр дүнд мэдээ баримтуудыг цуглуулж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Энэ асуудлыг шалгаж байгаа. Мөн "Тавантолгой" ХК экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний тоон хэмжээ тус компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан 21 аж ахуйн нэгж гэрээнд заасан тоо хэмжээнээсээ нэг сая тонн нүүрс илүү экспортолсон. Үндсэндээ гэрээнд тусгасан нүүрснээс илүү сая тонн нүүрс экспортолсон гэсэн үг. Манай байгууллагаас Гашуунсухайтад ажиллаж байсан гаалийн улсын ахлах байцаагч хоёр албан хаагчийг холбогдуулан шалгаж байгаа. Гурван удаагийн шалгалтаар хуулийнхан шалгаж байна гэлээ.  Ийнхүү дугаар шилжих мөчид Ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байсан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643629
1 эможи

keyboard_arrow_up