“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдыг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ
Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Тодруулбал, түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа БНХАУ-ын “Urat middle Banner Tianyimengyu logistic co.ltd”, “Inner Mongolia Rong He energy”, “Бө Юу Ан Ши Ди” компаниудад давуу байдал бий болгон 360,000 ам.долларыг хахууль авсан гэх хэргээр АТГ шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан юм.
Энэ хүрээнд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т /Хахууль авах/ зааснаар яллагдагчаар татагдсан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ариунболдод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналаа АТГ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн бол шүүхээс нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна.