Г.Ганболд: “Нүүрсний асуудлаар зохион байгуулах сонсголын үеэр асуулт байвал урьдчилж саналаа ирүүлэх, сонгогдсон гишүүдээр дамжуулан асуух боломжтой“
Маргааш болох нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсголтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Ганболд мэдээлэл өгөв.
Тэрбээр "Тухайн сонсголд УИХ-ын гишүүдээс гадна 298 хүн оролцох хүсэлтээ ирүүлсэн. Үүнээс 34 иргэн тухайн асуудлаар өөрийнх нь эрх ашиг хөндөгдөж буй учир үг хэлэх хүсэлт ирүүлээд байна. Энэ үеэр дөрвөн асуудлын хүрээнд зургаан мэдээлэл сонсоно.
- Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өнгөрсөн хугацаанд нүүрсний гэрээ, зөрүүтэй байгаа үнийн талаарх мэдээллийг өгнө.
- Тавантолгой компанийн бүрэн эрх төлөөлөгчдийн хувьд офтэйк гэрээний тухай,
- Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нууц гэрээнүүд
- 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нүүрсний хулгайтай холбоотой шалгагдаж буй болон хүчингүй болсон хэргүүд, ямар хүмүүс холбогдсон талаарх мэдээллийг сонсоно.
Мөн гаалийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтын талаар тодорхой мэдээлэл өгсний дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авна. УИХ-ын сонсголыг Эдийн засгийн байнгын хороон дээр тухайн асуудалд холбогдсон гэрээний хоёр тал, бусад холбогдсон хүмүүсийн тал бүрийн байр суурийг сонсох юм.
Хэрвээ танд асуух асуулт байвал хуулийн дагуу урьдчилж саналаа ирүүлэх, мөн өөрийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдээр дамжуулж асуух боломжтой" гэлээ.
Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Өмнөх сонсголуудтай холбоотойгоор иргэд, олон нийтийн байгууллагаас үг хэлэх боломж бага байдаг гэсэн шүүмжлэл ирсэн. Энэ асуудлыг түлхүү оруулахын төлөө ажиллаж байгаа. Өмнөх хөтөлбөрөөр бол байгууллагын хүмүүс урт илтгэл тавихаар байсан. Үүнийг ажлын хэсгийн гишүүд ярьж байгаад илтгэл нь 10 минутаас хэтрэхгүй байхаар оруулж өгч байгаа. Аль болохоор иргэдийн үгийг сонсох чиглэлээр нээлттэй сонсгол зохион байгуулахаар хичээж байна" гэв.