Ипотекийн сангаас “Бодь интернэшнл“-д 20 тэрбум, “Юнайтедбэнкинг корпорэйшн“-д 150 тэрбумыг хөрөнгө оруулалт нэрээр өгөөд БУЦААЖ аваагүй байжээ
Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн хүүг бууруулах, урьдчилгаа төлбөрийг 20 хувьд хүргэх бүрэн боломжтой талаар ажлын хэсгийн дүгнэлтийг өнгөрсөн лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар оруулсан.
Түүнчлэн Шадар сайдын зүгээс "Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо нь Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг арилжааны банкуудтай үгсэн хууль бусаар ашиглах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн, инфляц, төгрөгийн ханшийг барьж чадаагүй хэмээн үзэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарыг огцруулж, АТГ-т шалгуулахаар болсон" талаараа мэдээлэл хийсэн.
Тэгвэл Монголын Ипотекийн корпораци (МИК) нь орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тусгай зориулалтын компаниудын нөөц сангийн хөрөнгөнөөс "Юнайтедбэнкинг корпорэйшн" ХХК-д 150 тэрбум, "Бодь интернэшнл" ХХК-д 20 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт болгон өгсөн байжээ.
Улмаар өнөөдрийг хүртэл дээрх хоёр компанид оруулсан нийт 170 тэрбум төгрөгийг буцааж аваагүй байсан нь тогтоогджээ.
Улмаар Засгийн газрын хуралдаанаас Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханд дээрх 170 тэрбумыг тусгай зориулалтын компаниудын төлбөр цуглуулах дансанд яаралтай буцаан төвлөрүүлэх үүргийг өгсөн байна.
Өөрөөр хэлбэл Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо арилжааны банкуудтай хуйвалдан нийт 170 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт болгон мөнгө угаасан нь ийнхүү илчлэгджээ. Өнөөдрийг хүртэл Монголын ипотекийн корпораци нь иргэдийн нуруун дээр өндөр хүү зоож, татан төвлөрүүлсэн хөрөнгөөр мөнгө угааж байгаа нь ийнхүү ил болж байгаа юм.
Хэрэв Шадар сайд тухайн асуудлыг хөндөөгүй байсан бол иргэд өнөөдрийг хүртэл арилжааны банкуудын хөрөнгө татах хэрэгсэлд үйлчилж, өндөр хүү төлж, мөнгө угаахад нь насаараа зүтгэх байв.
Ямартай ч АТГ-аас Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарыг шалгаж, иргэдийн алдагдсан боломжийг төлүүлэх тал дээр хуулийн хариуцлага тооцох, Засгийн газар, УИХ-аас мөн хариуцлага тооцох эсэхийг хүлээх л үлдлээ!!!