Хууль зүйн байнгын хороо ЧУУЛГАНЫ ӨМНӨ хуралдана

2022 оны 12 сарын 16

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.

Хэдийгээр өнөөдөр чуулган хуралдах товтой ч 9 цагаас Хууль зүйн байнгын хороо хуралдахаар тогтжээ. Тус хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Энэхүү хуулийн төслийг хоёр өдрийн өмнө Засгийн газраас УИХ-д яаралтай горимоор өргөн барьсан ба УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийхэд дийлэнх гишүүдийн саналаар дэмжигдсэн юм.

Уг хуралдааны дараагаар Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар ахлах бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр нар ажиллах юм.

Хуулийн төсөл нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нийцүүлэн хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолох, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах, авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж улсын орлого болгох, Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн гэмт хэрэгт оногдуулах ялын  бодлогыг чангаруулахад чиглэгдэж буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643432
0 эможи

keyboard_arrow_up