Р.Эмүжин: Нүүрсний хамгийн том хулгайч Женко гэдгийг БҮГД МЭДЭЖ БАЙГАА
Хулгайч л нуугддаг. Хулгай хийсэн болохоор нуугддаг. Харин хулгайчид үндэсний баялагаа алдчихаад байгаа бидэнд, надад, монголчуудад нуугдаад байх шаардлага байхгүй ээ.
Тиймээс нүүр хуудасныхаа зургийг харлуулж, хар айдас, хар дарамт, хар бодлууд, хар хандлага, хар хардлагад нийгмээ автуулахгүй. Сэтгэлзүйн айдас, бухимдал, дарамт үүсгэж, түүнийг нь ганц хашгиралтаар тэсэлж, нийгмийг үймээнд хүргэх арга гэж энэ уриалгыг харж байна. Хэд хэдэн найз маань тасан хар өнгөөр өөрийгөө бүрхээд, таг харанхуйн золиос болж суугааг харлаа. Төвөгтэй байна, түгшүүртэй байна.
Нүүрсний хамгийн том хулгайч Женко гэдгийг бүгд мэдэж байгаа, хэзээ мөдгүй хэрэгтний эгнээнд шилжихэд ойрхон байна. Зарим даган баясагчид нь замын дундаас гадагшаа дүрвэлээ. Түүний "Загалмайлсан эцэг" хэлбэрээр байгуулсан асар том сүлжээнд АН, МАН-ын аль алиных нь албан тушаалтнууд хөл хүлээстэй, гар эвхээстэй сууж байна. Энэ хүний удирдаж байсан яамны үүдэнд нэг нь нөгөөгөө зодож хөнөөгөөд, хуулийн цоорхойгоор хувираад алга болсныг бүгд мэдэж байгаа. Охин Намууных нь нэр дээр Сингапурын оффшор банкинд 1.0 сая ам.доллар байдаг мэдээ гарч, хуулга нь дэлгэгдэж байлаа.
Мөн Намуун хэмээх сан байгуулж, Тэрэлжид тансаг хүлээн авалт зохион, гадаад дотоодын VIP ангиллын зочдоосоо хандив татан, эх хүүхдийн эмнэлэг байгуулна хэмээн зарлаж байсан үе бий, эмнэлэг хаачив, Монголын эхчүүд хүүхдүүдийн нэрээр босгосон хандив хаачив? Женко өөрөө Майдар хот байгуулна гэж хэчнээн ч мөнгө төсвөөс татав, хэчнээн ч саяыг ард түмнээсээ татав, нөгөө хот яасан, хандив болон хөрөнгө оруулалт хаачсан? Төмөр замтай холбоотой офтейк гэрээ нь дэлгэгдээд, дээрэм цаашаа үйлдлүүд нь үйлдэл бүрээрээ тодорч байна. Энэ хүн 2008 онд С.Баярын үед Зам тээврийн сайд болж, төмөр замд гацаа тавьж эхэлснээс хойш Оросын Хятадад экспортлодог нүүрсний хэмжээ 90 хувь нэмэгдэж, Монголынх төдий хэмжээгээр буурсан байдаг юм.
Үүний хэрээр Монгол руу урсах валютын урсгал саатаж, монголчуудад ирэх өгөөж уналтанд орсон. Монголчуудын хүнсийг авч үлдсэн гэж олон хүн төөрөлдөн боддог.
Уучлаарай, Талх чихэр, Баянголыг хэрхэн, хэдэн төгрөгөөр өөрийн болгосон, хувьдаа авснаасаа хойш хөрөнгө оруулалт хийсэн үгүйг нь сонирхоход ер илүүдэхгүй. Талх чихэрийн хэдэн байшин чинь тарж нурж унаж байгаа л харагдсан шүү. Хууль бусаар олсон асар их мөнгөө үр хүүхэддээ нялзааж, үйлдэл болгон үүрүүлэх эрх эцэг хүний хувьд Женкод байхгүй. Эр муу ч гэр бүлдээ эрхэмсэг, эзэн муу ч адуу малдаа элгэмсүү байх учиртай юм шүү. Дахин хэлье, нүүрсний хулгайч дагаж нүүрээ нуухгүй ээ. Хулгайч л тас харанхуйд нуугддаг юм, монголчуудад тийм шаардлага үгүй. Харин ч хулгайчдын гинжин хэлхээг хөвөрдөж татах гэгээн үе эхэлж байна, хараар бүү айлга, харанхуйгаар бүү дарамтал!