Р.Эмүжин: Байх ёстой газар чинь хотын захиргаа биш ээ, СУМЪЯАБАЗАР АА !
Сумъяабазар аа, гэрээр хяслаа гээд ард түмэн албанаас чинь буулгаж, шалгуулахаас нааш жагссаар л байх болно. Монголбанкнаас 14 тэрбумыг хувийн банкиндаа шилжүүлсэн, нийгмийн даатгалын мөнгийг хүүлсэн, Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй, ЭТТ-оос 28 тэрбумыг авсан, дүүтэйгээ хавсарч Цирк залгисан гээд шалгуулах шалтгаан чамд хангалттай бий.
Чиний байх ёстой газар бол хотын захиргаа биш, хулгайчдын очиж хянуулж шалгуулдаг байр шүү дээ. Гэмгүй юм бол гэдийгээд гараад ир, гэм нүгэлтэй юм бол авах ёстой ялаа үүр. Жавартай өвлийн жагсагчдыг толгой хоргодох гэрээр боомиллоо гээд тарчихна гэж бүү найд, тарамдана гэж бүү сана.
Энэ байтугайд атирахгүй, тэр байтугайд шантрахгүй. Жагсагчдын зүрхэнд гал бадарч байдаг юм, чиний зүрхэнд харин шунал буцалдаг биз ээ. Өөрийн чинь нэр дээр ХҮН-аас эхлээд жагсагчдын зүгээс гэр бариулах зөвшөөрөл хүссэн албан тоот нэг бус очсон байх учиртай. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Болормаа та хоёр хаашаа ч зайлж амжихгүй, гэр бариулаагүйдээ гэлбэлзэж ичих цаг ирж л таарна. Зөвшөөрөлгүй жагссан гэдэг шалтгаанаар шахаа үзүүлж байгаа бол хуулиа унш, хариу өгөлгүй гурав хоносон тохиолдолд жагсаалаа эхлэх эрх иргэдэд бий. Гэргүй байлаа гээд жагсаал зогсохгүй, харин өвлийн хүйтэнд өндийж жагссан сэтгэлийг юу ч цуцааж чаддаггүй юм. Хэлээд байгаа шүү, хүйтэрч тачигнах тусам хөх Монгол жавхайтал чангардаг. Хонож байгаа хүмүүсийн эрүүл мэнд хохирвол эмчилгээний зардлыг нь энэ их өр ширэн дээрээ нэмүүлж тооцуулаад төлөөрэй. Хүний эрхийг хамгийн бүдүүлгээр зөрчиж буй энэ үйлдлийг чинь НҮБ-ын хүний эрхийн хороо харж, хэлэлцэж байгаа шүү!