С.Амарсайхан: Нүүрсний асуудлыг Хятадын бүртгэлтэй тулгаж, хөндлөнгийн АУДИТААР ХЯНУУЛНА
Шадар сайд Ш.Амарсайхан жижиг Тавантолгойд ажиллаад ирсэн билээ. Нүүрсний асуудалтай холбоотойгоор мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Засгийн газрын 450 дугаар тогтоолын дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажилласан.
Нэгдүгээрт, Бүрэн эрхт төлөөлөгчийг ажилд нь оруулж, компанийн удирдлагыг гартаа авсан гэж ойлгож болно.
Хоёрдугаарт, газар дээр нь дүгнэлт хийж, хэд хэдэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газарт танилцууллаа. Хөндлөнгийн экспертүүдийг оруулж, тэсэлгээний ажил, уулын ажлын олборлолт, холбогдох төлөвлөгөөнүүд буюу төрийн өмчит аж ахуйн нэгж болон "Тавантолгой" ХК хоорондын үүсээд буй мөргөцгийн асуудал, хулгайгаар ачигдсан эсэхийг тодруулах юм.
Мөн нүүрс шатсан, исэлдсэн гэх мэт асуудлыг компанийн инженерүүдийн хэлснээр тодорхойлохгүй. Хөндлөнгийн хүмүүсээр үүнийг шалгуулж, нөхцөл байдлыг тодруулна.
БНХАУ бүх гэрээгээ бүртгэдэг. Бүртгэсэн гэрээний дугаар маш чухал. Манай гаальд ирж буй мэдээллийн тоог дээд шатанд хүргэж, бүртгэхэд БНХАУ болон манай гаалийн бүртгэлийн тоо зөрсөн. Үүнийг БНХАУ-аас гэрээг татаж авч, балансад тусгасан орлогын дагуу тулгана.
Гэрээний дагуу "Тавантолгой" компанийн үйл ажиллагаа зогссон үед Хятадаас том оврын экскаватор оруулж ирж, нүүрс олборлосон гэх асуудал бий. Үүнийг хууль хяналтын байгууллага тодруулах, хөндлөнгийн аудитаар шалгуулна.
Гуравдугаарт, эдгээр ажлуудыг богино хугацаанд яаралтай хийж, хууль бус үйлдлийг илчилж, нэг мөр цэг тавих, төрийн өмчийн 51 хувьд хяналт тавих, олон нийтэд мэдээллийг ил тод мэдээлэх, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хөндөхгүй байх хэрэгтэй.
"Эрдэнэс Тавантолгой" компани нийт 58 мянга орчим га талбай буюу нийт ордын 95.5 хувьд үйл ажиллагаа явуулж байгаа. "Тавантолгой" компани 0.5 хувьд нь үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс аль ордын нүүрс хэр хэмжээтэй гарч буйд тавих хяналт шалгалт сул байна" гэсэн юм.