П.Сайнзориг: Бусад хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрх ашгийг ХӨНДӨХГҮЙ
Нүүрсний хулгайн асуудал нийгмийн гол сэдэв болоод байна. Тэгвэл Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг “Тавантолгой” ХК-д Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилоод байгаа юм.
Учир нь төрийн 51 хувийн эзэмшил бүхий тус компанийн удирдлагууд олон жилийн турш их хэмжээний нүүрсийг хилийн хяналтгүйгээр гаргаж байсан, ЭТТ-н ордоос нүүрс олборлож борлуулсан тухай мэдээлэл гарах болсон. Нөгөө талаас хувь хүн, аж ахуйн нэгжүүд хувьцаа эзэмшдэг компанид төрөөс төлөөлөгч томилж болохгүй гэх байр суурь гарч эхлэв.
Тэгвэл “Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг өөрийн цахим хуудсаараа тайлбар хийсэн байна.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар хууль тогтоомжийн хүрээнд 12 дугаар сарын 09-ний өдөр “Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, миний бие “Тавантолгой” ХК-д Монгол Улсын Засгийн газрын Онцгой бүрэн эрхэт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Иргэд, олон нийт, ялангуяа Өмнөговь аймагт оршин суудаг иргэдийн дунд эргэлзээ төрүүлж буй зарим зүйлийг талаар нэмэлт мэдээллийг өгье. Нэгдүгээрт, орон нутаг 51 хувийн хувьцааг нь эзэмшиж буй орон нутгийн өмчит энэхүү компанийн хувьцааг төрийн аль нэг байгууллага руу шилжүүлэх, авах үйл ажиллагаа хийгдэхгүй ээ.
Хоёрдугаарт, бусад хувьцаа эзэмшигчийн ХУУЛЬ ЁСНЫ эрх ашгийг хөндөхгүй. Гуравдугаарт, компанийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, ил тод болгоно оо. Ил тод, нээлттэй болгож байж улс, орон нутгийн төсөвт орох татвар, хураамж нэмэгдэх, компанийн орлого нэмэгдэх, цаашлаад Өмнөговь аймгийн иргэдэд очдог “үр өгөөж” сайжирна аа гэж үзэж байна. Дөрөвдүгээрт, бүртгэлгүй нүүрсний асуудал, ЭТТ-н тайлбайгаас нүүрс олборлож борлуулсан, нүүрс шатсан, шатаагүй гэх асуудлыг судалж нэг талд гаргаж шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авна. Тухайлбал санхүүгийн болон бусад чиглэлээр аудит хийлгэх ажлыг зохион байгуулна. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээг иргэд, олон нийтэд нээлттэй мэдээллээд явна аа” гэсэн байна.