Гаалийн ерөнхий газрын даргаар түр томилогдож буй Р.Отгонжаргал гэж ХЭН БЭ
Өнөөдрийн засгийн хурлаар Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, Бригадын генерал Р.Отгонжаргалыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Ерөнхий сайдын зүгээс гаалийн удирдлагыг дотроос нь томилох нь авлигын үүр уурхайг шийдэж чадахгүй хэмээн үзэж, гадны хүн томилох шийдвэрийг гаргасан гэж мэдэгдсэн. Түүнчлэн тэрбээр хууль хяналтын байгууллага, тэр дундаа цагдаагийн мэргэшсэн хүн очиж эмх цэгцэнд нь оруулах, авлига албан тушаалтнуудын ажлыг нэг бүрчлэн шалгах ёстой хэмээн үзэж Р.Отгонжаргалыг томилох нь зүйтэй хэмээн үзжээ.
Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдын итгэлийг хүлээн энэ хүнд цаг үед томилогдсон Бригадын генерал Р.Отгонжаргал гэж хэн бэ?
Бригадын генерал Р.Отгонжаргал нь 1975 онд Говь-Алтай аймагт төрсөн. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Түүний хувьд салбартаа мэргэшсэн удирдлага гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, эрүү, мөрдөн шалгах ажиллагааг олон жил удирдан ажилласан туршлагатай нэгэн юм. Тэрбээр ЦЕГ-ын тэргүүн дэдээр ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах ажлыг удирдан зохион байгуулж 20-30 хүртэлх хувиар бууруулж чадсан төдийгүй НЦУГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд түүний чадвар, хөдөлмөр, гавьяаг үнэлэн МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Бригадын генерал цолыг олгожээ.
Төгссөн сургууль, дамжаа:
1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр,
2006 онд Цагдаагийн академийг Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй төгссөн.
Гавъяа шагнал:
“Цагдаагийн гавъяа” тэмдэг, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, “Цэргийн хүндэт медаль”, “Цэргийн гавъяаны одон”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”.
Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
1993-1997 онд Цагдаагийн дээд сургуульд сонсогч;
1997-1998 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч;
1998-2002 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн үасгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эдийн засгийн төлөөлөгч;
2002 онд Эрүүгийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст ахлах төлөөлөгч;
2002-2009 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч;
2009-2012 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст чиглэлийн ахлах мөрдөн байцаагч;
2012-2014 онд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга;
2014-2015 онд Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын дарга;
2015-2016 онд Техникийн газрын дарга;
2016-2017 онд Тусгай газрын дарга;
2017-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга;
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар томилогдсон.