Нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаалын талаар ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮД ЮУ ХЭЛЭВ?

2022 оны 12 сарын 09

Arslan.mn

Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцож, нэрсийг нь ил тод болгохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал энэ сарын 4-нөөс Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Энэ жагсаалын талаар олон улсын хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг орчуулан тоймлон хүргэе.

THE DIPLOMAT: МОНГОЛЫН ПАРЛАМЕНТАД ҮҮРЛЭСЭН “НҮҮРСНИЙ МАФИ” ИЛ БОЛОВ

Ази Номхон далайн бүс нутгийн талаарх мэдээллийг хүргэдэг  олон улсын “The Diplomat” сэтгүүлийн цахим сайтад ийн бичжээ.

Монгол Улсын иргэд энэ оны хоёр дахь удаагийн олныг хамарсан эсэргүүцлийн жагсаалаа зохион байгууллаа. Өмнө нь буюу дөрөвдүгээр сард тус улсын залуучууд эрх баригчдаасаа сонгуулиар өгсөн амлалтаа хэрэгжүүлэхийг шаардаж жагсаж байв. Харин энэ удаа тэд нүүрс тээвэрлэлттэй холбоотой томоохон хэмжээний авлигын сүлжээ илэрсэнээс үүдэн эсэргүүцлээ илэрхийлэн жагсав. Тодруулбал, Хятад руу нүүрс экспортолдог Монголын томоохон уул уурхайн компани болох “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийн нүүрс нийлүүлэлтийн далд асуудал ил болсон нь энэ жагсаалыг эхлүүлэх үндсэн шалтгаан юм.

Нүүрсний экспорттой холбоотой хэд хэдэн хэлэлцүүлэг энэ намар Монгол Улсад болсон. Энэ бүхний үр дүнд нэгдүгээрт,  “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани Хятад руу нүүрс нийлүүлэхдээ хууль бус наймаа хийсэн хэмээн Засгийн газар буруутгаж, удирдлагуудад нь хатуу хязгаарлалт тогтоосон. Дараа нь Монгол Улсын Засгийн газар  ирэх оны төсвөө арваннэгдүгээр сарын 11-нд батлахдаа гадаад өрөө төлөхийн тулд Хятад руу нийлүүлэх нүүрсний экспортоо дахин сэргээж, хэмжээг нь нэмэгдүүлнэ гэдгээ зоригтойгоор мэдэгдсэн.

Өмнийн говьд байрлах “Таван толгой” нүүрсний орд нь ямар ч үед Монгол Улс төдийгүй олон улсын анхаарлын төвд байсаар ирсэн. Энэ нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг гурван компани байдгийн нэг нь төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” нөгөө нь хувийн өмчит “Энержи Ресурс” юм.

Нүүрсний хулгайтай холбоотойгоор тус улсын парламентад “нүүрсний мафи” нүүрлэсэн гэсэн мэдээлэл цацагдсан юм. Тус улсын эрчим хүчний гол эх үүсвэр гэдгээр нүүрс тойрсон авлигын асуудал нүүрс экспортын ирээдүйд чухал нөлөөтэй.

Нүүрс тээвэрлэлтийн авлигатай холбоотой жагсаалын хоёр дахь өдөр буюу энэ сарын 5-нд жагсагчид төрийн ордон руугаа дайрч, дурын хүн тус ордон руу орохоос хамгаалан тойруулсан хашлагыг эвдсэн нь Киргизийн хувьсгалтай ижил байв. Үүнээс болж УИХ санал хураасан ч онц байдал зарлахаас татгалзсан юм. Зарим нэг нь тус жагсаалыг улс төрийн зорилготой хэмээн үзэж байгаа ч амлалтаа биелүүлж чадаагүй төр, Засгийн газартаа иргэд бухимдсаны илэрхийлэл боллоо.

ALJAZEERA: МОНГОЛ ЗАЛУУЧУУД УИХ-ЫГ ТАРААХЫГ ШААРДЛАА

 Катар улсын Дохад төв байр нь байдаг Арабын ертөнц дэх анхны бие даасан мэдээллийн суваг болох “Aljazeera”-гийн цахим сайтад ийн бичжээ.

Эрс хүйтэн өвлийн улиралд Монголд жагсаал болох нь тийм ч түгээмэл үзэгдэл биш. Гэсэн хэдий ч залуучууд голдуу жагсагчид -21 градуст төв талбай дээрээ цугларч, УИХ-ыг тараах болон авлигын албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцохыг шаардсан юм.Тэдний нэг нь  “Хямралд нэрвэгдсэн Монголд туслаач” гэсэн лоозон барьжээ. Учир нь тус улсын инфляцын түвшин 15 хувьд хүрч эрс нэмэгдээд байгаа юм. Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны мэдээлснээр иргэд ерөнхийлөгч, ерөнхий сайдын амьдардаг “Их Тэнгэрийн ам” хэмээх газар руу очиж жагсахаар оролдсон ч цагдаа нарын хатуу хамгаалалт тэднийг зогсоожээ.

Энэ талаар Каритас Чех Репаблик ТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Яна Зилкова “Монгол иргэдийн эдийн засгийн байдал үнэхээр хямарсан. Ийм цаг үед улс орны баялагаа шударгаар эрх тэгш зарцуулна хэмээн амласан хууль тогтоогчид нүүрсний экспортоос олон тэрбум ам.доллар хулгайлсан нь ил болсонд тэд маш их бухимдаж байна” гэж “Al Jazeera” сайтад ярилаа.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит  нүүрсний компанийн гүйцэтгэх захирал тэргүүтэй 30 гаруй  албан тушаалтныг хөрөнгө шамшигдуулсан хэргээр шалгаж байгаагаа өнгөрсөн сард зарласан. Тус компанийн тухайд 7.5 тэрбум тоннын коксжих нүүрсний нөөцтэй учир Монголын төсвийн орлогын чухал тулгуур юм. Монгол Улсын нийт экспортны талаас илүү хувийг нүүрс эзэлдэг. Харин нүүрснийхээ 86 хувийг Хятад руу экспортолдог.

VOA: НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ИЛРҮҮЛЭХЭД ХЯТАД МОНГОЛД ТУСАЛНА

“Voice of America” буюу “Америкийн дуу хоолой” радиогийн цахим сайтад ийн бичжээ.

Монголын хилээр Хятад руу нүүрс тээвэрлэхдээ 385 мянган тонн нүүрсийг хулгайлсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Засгийн газраас шаардсан иргэд төв талбайд цугларсан юм. Тэдний ихэнх нь 20-30 насныхан, их сургуулийн оюутнууд байв. Тэдний нэг “Эх орноо хайрладаггүй юм бол яагаад иргэн нь хэвээрээ байгаа юм бэ” гэж хашгирсан бол өөр нэг нь “Эх орондоо тайван, нэр төртэй амьдрахыг хүсч байна” гэж ярьжээ.

Хятад бол далайд гарцгүй Монголоос нүүрс, ноолуур, таван хошуу мал болон бусад зүйлсийг экспортолдог чухал хөрш орон. Тиймээс Монголд үүсээд буй нүүрсний хулгайн талаар Хятадын Гадаад хэргийн яамны  хэвлэлийн төлөөлөгч Мао Ниниэс тодруулахад “Хятад болон Монгол бол найрсаг хөрш орон. Тиймээс Монголын Засгийн газар энэ асуудлыг шалгаж, зохих журмын дагуу шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Монголын талын хүсэлтийн дагуу холбогдох хууль, журмын хүрээнд Хятадын эрх бүхий байгууллага шаардлагатай тусламжийг үзүүлэхэд бэлэн” гэж ярилаа.

Мөн “120 сая ам.доллартай тэнцэх хэмжээний өртөг бүхий нүүрсний хулгайн асуудал ил болсноос үүдэн монгол иргэд жагслаа. Ийн тэдэнтэй тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ лхагва гарагт буюу энэ сарын 7-нд уулзав. Энэ үеэр жагсагчид нүүрсний хулгайчдаа ил зарлаж, хариуцлага тооцохыг шаардан хашгирлаа” хэмээн Bloomberg.com сайтад  бичсэн байна.

Нүүрсний олон тэрбумын хулгайг эсэргүүцсэн монгол иргэдийн жагсаалын талаарх мэдээлэл олон улсын хэд хэдэн сайтад гарсан нь энэ хууль бус асуудалд олон улс анхаарлаа хандуулж эхлэхэд тустай хэмээн зарим судлаач үзэж байна. Тухайлбал, дээр дурдсан хэвлэлээс гадна “Washington Post” сонин, “Ройтерс” агентлагын цахим сайтад жагсаалтай холбоотой мэдээлэл гарчээ. Ингэснээр нүүрсний хулгайн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхэд бусад улс орон тусламж үзүүлнэ хэмээн шинжээчид тайлбарлав.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643179
0 эможи

keyboard_arrow_up