Ерөнхийлөгч онц байдлыг жагсагчдын эсрэг биш хулгайчдын эсрэг ЗАРЛАЛАА
Өнгөрсөн хоёр өдрийн турш залуучууд, олон нийт "Нүүрсний хулгай"-н асуудлыг ил тод болгож, хуулийн дагуу шударгаар хариуцлага тооцохыг шаардаж жагссан билээ.
Үнэхээр нүүрсний хулгайн хэрэг Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсэн нь үнэн. Нийт ард иргэдийнхээ ирээдүйн боломжийг хулгайлаад зогсохгүй, эх орноо худалдах, эх орныхоо эсрэг хийж буй гэмт үйлдэл мөн юм.
Хэр баргийн хүн нүүрсний мафи болж чадахгүй. Нүүрсний олон жилийн бугшсан бүлэглэлд улс төрчид, намын нөлөө бүхий хүмүүс, үе үеийн сайд дарга нар, томоохон бизнесийн бүлэглэл фракциуд хутгалдаж орсон байдаг. Эдгээр мафийн сүлжилдсэн аалзны торыг тас татаж, задална гэдэг хэр баргийн хүн зориглон орж чадахгүй ажил. Улс төрийн нөлөө, дэмжлэг, ард иргэдийн итгэл, дэмжлэг хэрэгтэй гэдгийг бүх талууд хэлдэг.
Харин 20 гаруй жил бугшсан яригддаг боловч задарч чадахгүй "Нүүрсний хулгай"-н асуудлыг ил болгох, илрүүлэх, нээлттэй хуулийн байгууллагаар шалгуулах ажлыг өнөөдрийг хүртэл дэмжиж ирсэн гол субьектуудын нэг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх.
Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр "Хэрэв засгийн газар энэ удаа нүүрсний хулгайчидтай тэмцэж чадахгүй бууж өгвөл, цаашид ард иргэдийнхээ царайг харах нүүргүй болно. Энэ нь яваандаа засагтаа, парламентдаа итгэх итгэлийг үгүй хийх аюултай. Даамжирвал УИХ тарах хүртэл нөхцөл байдал үүснэ гэдгийг анхаар" гэж сануулсан байдаг.
Тиймээс өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээлэлдээ "Засгийн газар нүүрсний хулгайг илрүүлэх тэмцлээсээ сөөм ч ухрахгүй, жагсаал цуглаанд турхирсан нүүрсний хулгайчдаас айхгүй. Жагсагчдаас ирсэн 20 гаруй шаардлагыг хүлээн авсан. Жагсагчдын зорилго, дуу хоолойг өөр тийш нь чиглүүлэхээр зарим бүлэглэлүүд, нүүрсний хулгайн асуудалд холбогдсон албан тушаалтнуудын гар, хөл болсон хүмүүс ихээр цуглаж, үймээн самуунд уриалах, төрийн эрхийг хууль бусаар авах хүртэл санаархалыг агуулж байсан" талаараа мэдээлэл өгсөн юм.
Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх асуудлын хүрээнд нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсголыг яаралтай хийхийг үүрэг болгож, ажлын хэсгийг байгуулсан юм. Ямартай ч нүүрсний хэргүүд удахгүй прокуророос шүүх рүү шилжихээр болсон байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх жагсагчдынхаа эсрэг биш хулгайчдынхаа эсрэг онц байдал зарлаж байгаагаа өчигдөр харууллаа.
Маргааш буюу 12 дугаар сарын 07-ны өдөр УИХ-ын түр хороо хуралдаж, нээлттэй сонсгол хийх өдрөө товлох аж.