Ц.Элбэгдоржийн дараа С.Баярцогт, Х.Баттулга нар Н.Алтанхуягтай оффист нь ОЧИЖ УУЛЗЖЭЭ
“...Гандуу дээлтэй аав минь гаднаа ч нэг, гэртээ ч нэг байх шиг ээ” гээд дээхнийн нэг зохиолын дууны үг бий. Түүн шиг АН-ынхан нийлж нэг, тарж нэг хуралдаад л, сүүлдээ хэн нь хэнтэйгээ нийлээд, хэнийгээ жийгээд байгаа нь ойлгогдохоо болиод байгаа юм. Нам нь ийм байдалтай.
УИХ дахь бүлэг нь ч бас асуудалтай. Сар гаруйн өмнө байх аа, О.Цогтгэрэл бүлгийн дарга болсон. Гэвч Д.Ганбат нь “...Өрөөгөө өгөхгүй” гээд гүрийсэн. Өрөөгөө өгөөгүй байна. Тэр ч бүү хэл, тамгаа өгөөгүй байгаа юм. Тиймээс О.Цогтгэрэлд УИХ-ын дарга шинэ тамга өгчээ. Ингээд бүлэг нь бас хоёр тамгатай болчихож буй бололтой.
Ер нь бол АН эртхэн эвлэж нийлэхгүй бол ирэх сонгууль хаяанд ирсэн. Залуус нь, гишүүд нь ах нараа, “лидер”-үүдээ харсаар л сууна. АН-ынхан гэхэд их тэсвэр тэвчээртэй юм.
Гэхдээ АН-ын лидер гэгдэж ирсэн улстөрчид өөр хоорондоо зөрж, таарч уулзалдсаар байна. Зарим нэг сонирхолтой “ганцаарчилсан” уулзалтууд ч хэд хэд болжээ. Ц.Элбэгдорж хоёр сарын өмнө, 2022 оны есдүгээр сарын 29-нд Н.Алтанхуягийн оффист очиж уулзсан байдаг. Тэр өдөр нь АН-ын зарим гишүүн Шангри Ла-д уулзсан бөгөөд түүний дараа уг уулзалт болжээ. Мөн С.Баярцогт үүнээс сар гаруйн дараа, аравдугаар сарын эхээр Н.Алтанхуягтай очиж уулзсан байна. Дахиад арваад хоногийн дараа Х.Баттулга ч бас оффист нь очиж уулзжээ.
Харин дээрх гурван уулзалтаар чухам юу яригдсан нь одоогоор тодорхойгүй байна. Ц.Элбэгдоржийн тухайд сүүлийн үед улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн. Наад зах нь “...АН-ын дараагийн дарга хэн болох вэ гэдгийг тэр мэднэ” гэдэг. С.Баярцогтын хувьд АН-ын дарга болохоор сэтгэл шулуудаж, ажиллаад эхэлсэн. Гэхдээ жинхэнэ тамга барьж авахгүй бол “жингүйдэх” эрсдэлтэй тулж мэдэх юм. Х.Баттулга тусдаа АН-тай, гэвч иэр нь удахгүй “...Хууль бус” хэмээгдэх магадлалтай. Түүнийг“...АН-аа алдсан ч халааснаасаа ахиад хэдэн ч нам гаргаж ирж чадна” гэж олон хүн хэлдэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
|