ШУУРХАЙ : Академич Д.Доржготов болон Жак Уэтерфорд нарыг “Чингис хаан“ одонгоор шагнана
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ пүрэв гарагт тохионо. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу болно.
Уг өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.
Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар "Чингис хаан" одонг энэ жил хоёр хүнд олгохоор болжээ.
Тодруулбал, АНУ-ын Макалейстрийн Коллежийн профессор, “Нью-Йорк Таймс”-ын өндөр борлуулалттай номын зохиолч, монголч эрдэмтэн Жак Уэтерфордод "Чингис хаан" одонг гардуулах бөгөөд тэрээр Чингис хааны музейд лекц уншихаар Монгол Улсад ирээд буй. Түүнчлэн Монголын газар зүйн ухааны ноён оргил, Соёлын гавьяат зүтгэлтэн, академич Д.Доржготовт "Чингис хаан" одонг гардуулах аж.