Шүглээ буруу үлээвэл хуулийн ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

2022 оны 10 сарын 13

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжлээ. Хуулийн төсөлд зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байв.  Тухайлбал,  УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Шүгэл үлээгчийн тухай хуулийг шууд оруулж ирэх нь учир дутагдалтай, эхлээд намын бүлэг дээр ярилцах нь зүйтэй” гэв.  Мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Авлигатай тэмцэх гэж байгааг ойлгож байна.  Гэхдээ бид одоогоор гаднаас ирж буй аливаа нөлөөллийг ч бүрэн хязгаарлаж чадахгүй хэмжээнд байна.  Тийм атал шүгэл үлээж буй нэрээр нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх вий.  Энэ хуулийн төсөлд болгоомжтой хандах нь зөв” гэлээ. Шүгэл үлээгчийн хуулийн төслийн талаар  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар гишүүдийн асуултад хариулж, тайлбар мэдээлэл өглөө.  Байнгын хорооны тэмдэглэлийг хүргэе.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Төлбөртэйгөөр мэдээлэл худалдаж авах журам байдаг билүү. Түүний хэрэгжилт ямар байна вэ. Энэ хууль батлагдсанаар сөрөг үр дагаврыг хэр тооцож байна. Өс хонзонгийн шинжтэй мэдээлэл маш их өгдөг.. Намын бүлэг дээр ярьж асуудлаа оруулахгүй юм уу. Өс хонзонгийн сэдлээр явуулах асуудал гарах вий.  Ер нь хүн ам цөөнтэй манайх шиг улсад энэ төрлийн хууль батлах нь хэр оновчтой вэ?

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:

-Мэдээлэгчийн мэдээлэл худалдаж авах тухай зургаан хууль тогтоомж мөрдөгдөж эхэлсэн. Мэдээллийг худалдаж авах асуудал цагдаагийн албаны тухай хуульд зааснаас бусад нь нэр төдий байдалтай байна.  Тухайлбал, Байгаль, орчны тухай хууль, Амьтны тухай хуульд мэдээлэл худалдан авах заалт байдаг ч төдийлөн ашигладаггүй. Мөн энэ хуулийн 20 дугаар зүйлд Шүгэл үлээгч нь  мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан, хууль зөрчсөн нэр төрд халдсан зэргээр буруу ашиглавал хуулийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Би шүгэл үлээгч нарын нэг.  Гэхдээ мөнгө олох, шантааж хийж зорилгоор ашигладаггүй.   Төмөр замын хэрэг, хэдэн их наядыг идэж уусан хэрэг нууцад байгаа. Хуулийн төсөлд нууцын тамгатай бол шүгэл үлээж болохгүй юм байна. Тиймээс ямар учиртай орж ирэв ээ. Хоёрдугаарт, миний гарт Сангийн яамны уг хуулийн төсөлд өгсөн байр суурь байгаа. Тухайлбал, “Хуулийн төслийн 3.1.1 дэх хэсэгт шударгаар татвар төлөх талаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн иргэнийг дэмжинэ” гэсэн заалтыг хасах талаар санал өгсөн байна. “Оюутолгой”, “Петрочайна”-д хэдэн тэрбумын татвар тавигддаг. Татварын байцаагчид акт тавих замаар барьцаа ахиулдаг, татварын мафи бий. Уг нь Хууль зүйн сайд төсөлдөө бичсэн юм байна. Гэтэл Сангийн яам татварын асуудлаар шүгэл үлээж болохгүй гэдэг санал өгчээ. Ямар учиртай санал вэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

- Хууль, тогтоомжийн тухай хуулийн дагуу бүх яамнаас хуулийн төсөлд санал авсан. Сангийн яамнаас татвартай холбоотой заалтыг  хасах санал ирүүлсэн нь үнэн.  Уг нь энэ төрлийн шүгэл үлээлт олон улсад нэлээд хөгжсөн юм билээ. АНУ-д гэхэд татварын системийг хянаж, шүгэл үлээдэг тэндээсээ санхүүждэг ТББ олон бий. 

 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Авлигатай тэмцэх гээд байгааг нь ойлгож байгаа. Авилга бол нууж авдаг хулгай. Гэхдээ авлигатай тэмцэх гэж байгаа гээд маш олон хуурамч мэдээлэгчийг гаргаж ирээд нийгмийн тогтворгүй байдал, өшөө авах аль эсвэл шантааж хийдэг байдал руу орчих вий. Бид мэдээллийн аюулгүй байдлын тухайн хуулиа гаргаж ирээгүй байгаа шүү дээ.  Гаднаас ирж буй аливаа нөлөөллийг ч бүрэн хязгаарлаж чадахгүй хэмжээнд байна. Цахим гүтгэлгээ зогсоож чадаагүй байгаа. Ийм үед мэдээлэгч буюу "матаачин"-г мөнгөн урамшуулал олгож, нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээснийх нь төлөө түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэндийг хуулиар хамгаалаад, шүгэл үлээгчийг хэрэгт татахгүй байх байдлаар явах бидэнд хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Нийтийн ашиг сонирхлын төлөө оруулж байгаа шүгэл үлээгчийн хувь нэмрийг нэн даруй үнэлнэ гэж байна. Хэн, юуг үндэслэж үнэлэх юм.

ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:

-Мэдээлэл өгч буй иргэдийг хамгаалах ёстой.  Харин гэмт хэрэг зөрчлийг шийдвэрлэсний дараа улсад торгуулийн, хууль бусаар олсон хөрөнгийн орлогыг хурааснаас тодорхой хэмжээний урамшууллыг олгох асуудлыг шийдэж орж ирсэн. Хэмжээний хувьд, 100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум төгрөг хүртэл олгож болох хууль эрх зүйн орчныг тусгаад байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641337
0 эможи

keyboard_arrow_up