Г.Занданшатар: Канад улс манай ХАМГИЙН ТОМ хөрөнгө оруулагч орон
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри нар 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.
Хэлэлцээний эхэнд хоёр тал Монгол, Канадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, энэхүү харилцаа нь хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, жендэрийн эрх тэгш байдлыг эрхэмлэсэн ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд хөгжиж буйг харилцан тэмдэглэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Канад Монголын “гуравдагч хөрш” гэдгийг онцлоод, Сенатын танхимын дарга Ж.Фюригийн айлчлал хоёр талын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилтыг урагшлуулах, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой үйл явдал болж буйг тэмдэглэв.
Канадын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри Монгол далайд гарцгүй, хоёр том хөршийн дунд оршдог амаргүй нөхцөлд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан, эрх зүйт засаглалыг бэхжүүлэн хөгжүүлж буй туршлагыг бахдан сайшааж буйгаа онцлон тэмдэглэв.
Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг ойрын ирээдүйд бодит ажлуудаар идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэллээ. Үүний тулд дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэхэд ач холбогдол өгч буйгаа дурдав.
Хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргахад “Иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол, Канадын хамтын ажиллагааны Замын зураглал”-ын хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхийн чухлыг харилцан нотоллоо.
Талууд 2023 онд тохиох Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтран тэмдэглэхэд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд ойн хүрээнд харилцан айлчлал, уулзалтууд, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулахаар тохиролцов.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Канад улс нь манай хамгийн том хөрөнгө оруулагч орон гээд дипломат харилцаа тогтоосны тэгш ойн хүрээнд хөгжлийн томоохон төсөл эхлүүлж хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүлэв. Тэрээр манай хоёр орны харилцаанд тэргүүлэх байр суурьтай уул уурхайн салбарын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн зэрэгцээ бусад салбаруудын харилцаа, хамтын ажиллагааг солонгоруулан хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тодорхой агуулгаар баяжуулах, экспорт импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломж бийг тэрээр онцлов. Мөн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах замаар монголын сүлжмэл барааны импортын гаалийн татварыг бууруулах боломжийг судалж үзэхийг хүсээд, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, харилцаа холбоо, мэдээллийн технолог зэрэг салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлэв. Тэрээр цааш нь боловсрол, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд иргэд хоорондын харилцан зорчих визийн асуудлыг хөнгөвчлөх боломжийг нааштайгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг хүслээ.
Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри сурган хүмүүжүүлэх салбарт арвин туршлагатай хүний хувьд хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа тэр дундаа оюутан солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэв.
Мөн хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд дэвшүүлж буй саналууд нь харилцан ашигтай, нөөц боломжтой салбарууд байна гээд худалдаа, эдийн засаг, хөгжлийн харилцан ашигтай харилцааг эрчимжүүлэх яриа хэлэлцээг улам идэвхжүүлж ажиллахаа мэдэгдэв. Канад Улсын Монгол Улсад хэрэгжүүлж буй мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх, жэндэр, иргэний нийгмийг чадавхжуулах төслүүдийг амжилттай гүйцэтгэхэд Улсын Их Хурлын даргын манлайлал чухал байр суурьтай байсныг онцлов.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри нарын хэлэлцээ нь ажил хэрэгч, нээлттэй, элэгсэг дотно уур амьсгалд боллоо. Энэхүү хэлэлцээ нь хоёр улсын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллагууд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэхэд төдийгүй хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түвшинг ахиулахад чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри-гийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.