Г.Амартүвшин: Арилжааны банкууд хүү өснө гэсэн хүлээлттэй байгаа учир “ЗЭЭЛ ГАРГАХГҮЙ“ байна
Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Ковидын хоёр жилийн хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлсэн арга хэмжээ, их хэмжээний бэлэн мөнгө тараасан, хөнгөлөлт, төсөв тэлсэн арга хэмжээний үр дагавар нь ханшны сулрал байна. Тэгэхээр Монголбанк мөнгөний бодлогоо чангаруулсан, бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн. Гэхдээ энэ нь цаг алдсан харагдаж байна. Цаашид бодлогын хүү үргэлжлээд өснө гэсэн хүлээлттэй байгаа. Арилжааны банкууд хүү өснө гэсэн хүлээлттэй байгаа учир зээл гаргахгүй байна.
Мөн энэ оны долдугаар сарын байдлаар хүнсний бүтээгдэхүүний импортоор 600 гаруй сая доллар зарцуулсан, суудлын автомашины худалдан авалт 400 сая доллар, барилгын материал мөн л 600 гаруй сая доллар. 450 сая доллараар гадаадад аялаж, зугаалсан байна.
Тэгэхээр ийм хэмжээний доллар гадагшилж байгаа тохиолдолд Монгол банкны гадаад валютын нөөц буурахаас өөр аргагүй" хэмээлээ.