Иргэнийг 1.5 тэрбум төгрөгөөр урамшуулах “Шүгэл үлээгчийн хууль“-ийг хэлэлцэж эхэлнэ гэв

2022 оны 10 сарын 06

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төслийг хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан. Тэгвэл тус хуулийг хэзээнээс хэлэлцэж эхлэх талаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос тодруулахад "Удахгүй хэлэлцэж эхлэх байх. Байнгын хороогоор удахгүй хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байсан" гэсэн юм.  Иймд бид Засгийн газраас өргөн бариад байгаа “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төсөлд ямар заалт орсон талаар онцолж байна. Авлигын эсрэг хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

- “ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ” НЬ МӨНГӨН УРАМШУУЛАЛ АВАХ ӨРГӨДӨЛ ГАРГАСАН БОЛ 7 ХОНОГИЙН ДОТОР ШИЙДВЭРЛЭНЭ-

Хуулийн төсөлд “энэ хуулийн зорилт нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тусгасан байдаг.

Ингэхийн тулд Авилгын эсрэг хуулийн 7.1.7-д заасан, “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, мөн хуулийн 7.1.8-д “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэж заасны дагуу улсад хохирол учруулсан этгээдийн эд хөрөнгө, орлогыг хураасан, Мөн хуульд заасны дагуу зохих торгох ял, торгох шийтгэл оногдуулсны дүнд төлөх ёстой байсан төлбөрийг төлүүлсэн бол “Шүгэл үлээгч эрх бүхий байгууллагад мөнгөн урамшуулал авах өргөдлөө гаргаж болно” гэж хуулийн төсөлд тусгажээ.  Улмаар Эрх бүхий байгууллага шүгэл үлээгчийн ирүүлсэн өргөдлийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор Мөнгөн урамшууллын зөвлөлөөр өргөдлийг хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ” хуулийн төслийн 16.2-д тусгасан байна.

-"ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ" НЬ 100 МЯНГААС 1,5 ТЭРБУМ ТӨГРӨГ ХҮРТЭЛ УРАМШУУЛАЛ АВНА-

Харин хуулийн төсөлд “Шүгэл үлээгчид” олгох мөнгөн урамшууллын хувь, хэмжээг дараах байдлаар тогтооно гэжээ. Үүнд, 50 сая /тавин сая/ хүртэл төгрөгийн 15 хувийг, 50-250 сая хүртэл төгрөгийн 10 сая төгрөг дээр 50 сая төгрөгөөс давсан дүнгийн 12 хувийг тус бүр олгоно гэж хуулийн төсөлд тусгажээ.

Тодруулбал, “Шүгэл үлээгчийн эрхийн зүйн байдлын тухай хууль”-ийн төслийн;

  • 4.1.тавин сая хүртэл төгрөгийн 15 хувийг;
  • 4.2.тавин саяас хоёр зуун тавин сая хүртэл төгрөгийн 10 сая төгрөг дээр 50 сая төгрөгөөс давсан дүнгийн 12 хувийг;
  • 4.3.хоёр зуун тавин саяас нэг тэрбум хүртэл төгрөгийн 36 сая төгрөг дээр 250 сая төгрөгөөс давсан дүнгийн 10 хувийг;
  • 4.4.нэг тэрбумаас хоёр тэрбум хүртэл төгрөгийн 113 сая төгрөг дээр 1 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 6 хувийг;
  • 4.5.хоёр тэрбум, түүнээс дээш төгрөгийн 173 сая төгрөг дээр 2 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 4 хувийг.
  • 5.Мөнгөн урамшууллын хэмжээ нь 100 мянган төгрөгөөс 1 тэрбум 500 сая төгрөг хүртэл байна.

гэж хуулийн төсөлд тусгажээ.

Мөн төслийн 16.6-д Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан этгээд албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээллээр шүгэл үлээсэн тохиолдолд энэ хуулийн 16.4-т заасан мөнгөн урамшууллын хэмжээний 50 хувийг тооцож олгоно”, 16.7-д “Эрх бүхий байгууллага мөнгөн урамшуулал олгох эсэх асуудлыг шүгэл үлээгчийн өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэж, шүгэл үлээгчид албан бичгээр мэдэгдэнэ” гэжээ.

-“ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ”-ИЙГ ХАМГААЛНА-

Хуулийн төслийн 12.1-д “Шүгэл үлээгч нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэнтэй холбоотойгоор түүнд болон түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд халдсан, эсхүл халдаж болзошгүй тохиолдолд энэ хуулийн 7.2-т заасан байгууллагад хамгаалалтын арга хэмжээ авах талаар хүсэлт гаргаж болно” гэжээ. Мөн 12.2-д Нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй гэмт хэрэг, зөрчлийн талаар шүгэл үлээж мэдээлэл өгсөн шүгэл үлээгчийн хүсэлтийг үндэслэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 6.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1, 13.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2.6-д заасны дагуу хамгаалалтын арга хэмжээг авна. Төслийн 12.3-д, “Шүгэл үлээгч нь өөрийн байгууллагын үйл ажиллагаа нийтийн ашиг сонирхлыг хохироосон, эсхүл хохироож болзошгүй талаар байгууллага дотроо шүгэл үлээсэн тохиолдолд тухайн байгууллага шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах арга хэмжээг байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу авна” гэж тусгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641132
0 эможи

keyboard_arrow_up