Б.Дүгэржавын араас Дорнодын засаг М.Бадамсүрэн явах уу
Хоёр долоо хоногийн өмнөх Засгийн газрын хуралдаанаас Ховдын Засаг дарга Б.Дүгэржавыг чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Түүнийг “...Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлыг удаашруулсан” гэх шалтгаанаар ийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаан дээр Дорнодын Засаг дарга М.Бадамсүрэнд сануулах арга хэмжээ авч, хуралдааны тэмдэглэлээр албажуулсан байна. М.Бадамсүрэнг “...Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийг удаашруулсан” гэж үзжээ. Энэхүү Хавиргын боомтын замыг улсын төсвийн 115 орчим тэрбум төгрөгөөр барихаар болсон. Гэвч сонгон шалгаруулалтаасаа эхлээд асуудал гарч, бүтээн байгуулалтын ажил нь саатжээ.
Хавиргын боомтын зам нь Хятадтай холбогдсоноор тус улсын ӨМӨЗО, Жилин, Хейлонжианг, Лиаоинингийн болон хил залгаж буй бүс нутагт аялж буй жуулчдыг татах боломжтой. Мөн Хятадаас ирэх зорчигч, тээврийн хэрэгслийн тоо 30-50 хувиар нэмэгдэх тооцооллыг холбогдох албаныхан хийсэн байна.
Боомтуудыг автозамаар холбосноор эдийн засгийн ямар ашигтайг Увсын Боршоо боомтоос харж болно. Тус боомтыг Улаангом хоттой 116 км хатуу хучилттай замаар холбосноос хойш жилд дунджаар 40 мянган жуулчин нэвтэрч, улсын төсөвт 40 гаруй сая ам.долларын орлого оруулдаг болжээ.
Ер нь бол ажилдаа хариуцлагагүй хандсан аймгийн Засаг дарга нарт арга хэмжээ авна гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн жилээс эхлээд хэлээд байсан. Тухайлбал, 2022 оны хоёрдугаар сарын 17-нд “Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөний үеэр “...2022 оны улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж дуусгахыг үүрэг болгож, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно” гэж байв. Тиймээс томоохон төсөл хөтөлбөрүүд саатаж, гацсаны хариуцлагыг тооцоод явахаар болсон аж. Цаашдаа орон нутагт нь хэрэгжиж буй стратегийн төслүүдэд онцгой анхаарахыг Засаг дарга нарт анхааруулжээ.
Түүнээс гадна өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас 2023 онд “...Төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэж ажиллах” болсон талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн. Энэ хүрээнд төрийн дунд, доод шатны алба хаагчдын хүнд суртал, авлигыг таслан зогсооход голлож анхаарах юм байна. Түүнчлэн Засгийн газрын дэргэдэх “11-11” төвд ирсэн албан тушаалтнуудтай холбоотой ажлын хариуцлага, хүнд суртал, авлигын шинжтэй гомдлуудад дор бүр нь арга хэмжээ авч, хариуцлага тооцохоор болжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Б.Гарьд