МАН: Сайн ажилласан нь хамаагүй, улс төрийн дэмжлэг үзүүлэх хүнийг л САЙДААР ТОМИЛНО
Ирэх даваа гарагаас УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл, Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал болон Засгийн газрын дан дээлтэй сайдын суудлыг давхар дээлээр солих зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Тэгвэл эрх баригч Монгол Ардын намд одоогийн дан дээлтэй сайдууд хэр сайн ажилласан нь ямар ч хамаагүй аж. Тэд УИХ-д сонгогдсон намын гишүүдийнхээ бүрэн дэмжлэгийг авч, гомдогсодыг аргадах ээлжит "комбинац"-аа хийж байгаа гэв. Шинээр сайдын суудал горилогчдоос одоогийн зарим дан дээлтэй сайдын энд хүрч ажиллах хүн ховор байгааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр харьцуулан гаргаж буй.
Гэвч МАН-ын удирдлагууд сайн ажилласан нь хамаагүй одоо сонгуулийн өмнөх чухал үе ирсэн учраас улс төрийн дэмжлэг үзүүлэх улс төрчдөөрөө засгаа бүрдүүлэхээс өөр аргагүй хэмээн ярьсан талаар эх сурвалжууд хэлж байв.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр өмнө нь аль нэг салбарын сайд хийж байсан гишүүнийг дахин тухайн салбарт нь томилолгүй өөр салбараар зөрүүлэх сурагтай.
Учир нь өмнө сайд хийж байсан гишүүдийн хийсэн балаг, хэл ам бүрэн намжаагүй төдийгүй, дахиад тухайн салбартаа тухлах нь ард иргэдийн зүгээс шүүмжлэл гарах эрсдэл өндөр хэмээн үзэж байгаа аж.
Ямартай ч МАН дотроо УИХ-д хоёр буюу түүнээс дээш сонгогдсон гишүүддээ "сайд"-ын суудлыг өгнө гэдгээ аль хэдийн илэрхийлээд буй. Анх удаа сонгогдсон УИХ-ын гишүүд зөрүүлээд байнгын хорооны даргын суудлыг эзэгнэх хүсэлтэйгээ ч мөн илэрхийлээд амжжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн суудлаа авч үлдэх сүүлийн тохироо нь Засгийн газраа давхар дээлтэй сайдуудаар бүрдүүлэх болчихоод байгаа юм.
Монголын ард түмэнд ажлаа сайн хийдэг хүн хэрэгтэй байдаг бол эрх баригч МАН-д тохироог нь хийхэд тусалдаг улс төрч байх нь чухал хэмээн үзсэн бололтой.