“ХӨШИГИЙН ХӨНДИЙ“-н шинэ суурьшлын бүсийн шавыг тавьж, дэд бүтцийн ажлууд эхэллээ
Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн барилга угсралтын ажлын нээлт боллоо.
Нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Тэрээр “Монгол Улс шинэ хот байгуулж, эдийн засгаа төрөлжүүлэх ажлыг эхлүүлж байна. үүний тулд эхлээд газар доорх инженерийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Засгийн газрын тогтоолоор төрийн байгууллагуудыг ийшэ эүе шаттай эхлүүлнэ. Богд хаант төмөр замын зураг төслийн ажил дууссан. Удахгүй газар шорооны ажил эхэлнэ.
Бид олон хотыг сүндэрлүүлсэн түүхтэй. Гэвч сүүлийн 40 жилд шинэ хот суурин газар барьсангүй. Үүнд улс төрийн тогтворгүй байдал, богино настай Засгийн газрууд нэх мэт олон хүчин зүйлс нөлөөлсөн. Үүний уршгаар нийт хүн амын тал нь нийслэлд оршин суудаг.
Жил бүр нэг аймгийн нийт хүн амтай тэнцэх тооны иргэд Улаанбаатарт ирж суурьшдаг. Монгол нэг хот улс болох ёсгүй. Цаашид Өмнөговь аймагт, Налайхад суурьшлын бүсийн ажил өрнөнө. Эдгээр нь бүрэн боломжтойг сүүлийн нэг жилд хийсэн судалгаа харууллаа. Шинэ сэргэлтийн бодлого судалгаанд үндэслэсэн тул хоосон амлалт бий. Энэ бодлого орон даяар үргэлжилж байна. Боомтуудыг авто замаар өрнөх ажил эхэлсэн. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж, гаднын хөрөнгө оруулагчдын сонирхол илт сэргэлээ. Хот хөдөөгийн хөгжил тэнцвэртэй байх болтугай” гэв.
Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар бүтээн байгуулалтад аймгийн иргэд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэв. Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг суманд шинэ суурьшлын бүсийг барина
“Таван богд” группийн захирал Ц.Баатарсайхан “Томоохон бүтээн байгуулалтад 20 жил зарцуулдгийг шинэ нисэх буудал харуулна. Бид дараагийн 10 жил арав орчим мянган ажлын байр бий болгоно. "Говь" ХК-ийн 8000 ажилтны тал нь Төв аймгийн иргэд байна. 2023 оноос энэ компани шинэ ажлын байрууд зарлана. Ковидын улмаас олон хүнийг цомхтгох шаардлага тулгарлаа. Төр бүтээн байгуулалт хийх ААН-д л газар өгөөсэй. Бусад хүн газар аваад, бусдад дамлан зарах вий. Төв аймаг үүнээс урьдчилан сэргийлээрэй” гэв.
“Билгүүн Од” компани шинэ суурьшлын бүсийн гүйцэтгэгчээр ажиллана. Тэд өнөөдрөөс ажлаа эхэлнэ. Хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, цэвэр усны шугам сүлжээ, далан зэргийг энэ компани барих юм байна.
Шинэ суурьшлын бүс нийт 55 га газрыг хамарна.
Төр захиргааны байгууллагууд энэ суурьшлын бүсэд нүүж ирэх юм. Шинэ Зуун мод хотод төрийн 5000 хүн ажиллана. Оюутны хотхон, судалгаа шинжилгээний бүс ч байна. 22 мянган оюутантай хотхонд дотуур байр, хичээлийн танхим зэргийг барих аж.
Шинэ суурьшлын бүсийн шавыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Л.Тавинбэх, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон УИХ-ын нэр бүхий гишүүд, төслийн нэгжийн захирал Д.Оюунхорол нар тавилаа.