ХЭҮК гадаад томилолтын зардлаа 10 дахин ӨСГӨЖЭЭ
Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) 2023 оны төсвийн саналдаа гадаад томилолтын зардлаа 10 дахин өсгөж буюу 40 саяас 448 сая төгрөг болгон нэмэж оруулжээ.
Эдийн засгийн амаргүй хүнд үед төрийн байгууллагууд нь улам үрэлгэн хандаж, хэрэгтэй хэрэггүй олон зардлыг татвар төлөгчдийн мөнгөөр хийхээр ирэх оны төсөвийн саналдаа оруулсныг УИХ-ын зарим гишүүд шүүмжиллээ.
Тухайлбал, шинээр хүний эрхийн мэдээллийн нэгдсэн сангийн програм хангамжийн зардалд 300 сая төгрөгийг зарцуулахаар ХҮЭК оруулж иржээ. Гэтэл сүүлийн хэдэн жил бүх төрийн байгууллагууд програм хангамж хийлгэж байна хэмээн өчнөөн зуун саяар нь үрсэн байдаг. Тус тусдаа өчнөөн зардал болгосон ч өнөөдрийг хүртэл амжилт олоогүй учир үүнийгээ цэгцлэх гээд e-mongolia, цахим үндэстэн, дижитал Монгол гэж яриад сүүлдээ бүр Цахим хөгжлийн яам хүртэл байгуулсан байдаг. Гэвч дахиад төрийн байгууллагуудын програм хангамж нэрийдлээр үрэлгэн ханддаг байдлаар гарсаар байгаагийн нэг жишээ нь ХЭҮК болоод байна.
ХЭҮК нь Засгийн газрынхаа бодлогын эсрэг үрэлгэн, ямар ч хэмнэлтгүй ажиллаж байна уу гэж хардахаар байна.
ХЭҮК-ийн дарга Ж.Хунан ирэх оны гадаад томилолтын зардлаа өсгөх болсон тал дээр "бусад орны туршлагаас судлах, харьцуулсан судалгаа хийхэд шаардлагатай зардлыг тусгаж оруулж ирсэн. Мөн эрүүдэн шүүхийн эсрэг хороо болон дэд хорооны уулзалтанд албан ёсоор оролцох чиг үүрэгтэй учраас гадаад томилолт хэрэгтэй" хэмээн байнгын хорооны хуралдаан дээр гишүүдийн асуултанд хариулжээ.
Монгол Улсыг эдийн засгийн хүнд үе хүлээж байгааг эдийн засагчид сануулсаар буй. Гэтэл төрийн байгууллагууд нь ямар ч хэмнэлтгүй, үйл ажиллагаанд нь дорвитой өөрчлөлт авчрахгүй арга хэмжээнүүдэд үрэлгэн, тансаг хандаж байгаа нь хэр зохистой вэ Ерөхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ !!!