С.БАЯР : Оросын цэрэг, техник Монголд орж ирсэн үнэн учрыг ард түмэндээ хэлэх ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн твитер хуудаснаа Монгол, Оросын хамтарсан цэргийн хээрийн сургуулилт Ховд аймагт болох гэж буйтай холбоотой жиргэжээ.
Тэрээр өөрийн твиттер хуудаснаа "Оросын цэрэг техник Монголын нутагт орж ирлээ. Ховдын хязгаарт дайны сургууль хийх нь гээд зураг тавьсан байна. Үнэн үү, худлаа юу? Үнэн бол үүний учир, бодлого зэргээ ард түмэндээ хэлэх ёстой. Ардын нам, ардын засаг маань ард түмэндээ ойр дотно, ойлгомжтой байснаараа хүндтэй” гэжээ.
Тодруулбал, Ховд аймагт болох цэргийн сургуулилтад оролцох Оросын цэрэг, техник хэрэгсэл манай улсад орж ирсэн гэх албан бус мэдээлэл цахим орчинд цацагдсан. Харин “Цэргийн ралли” нь манай улсын Увс аймгийн газар нутагт зохион байгуулагдах талаар Оросын хэвлэлд гараад байна. Гэвч дээрх үйл явдалтай холбоотой иргэд олон нийт цахим орчинд нэлээдгүй шүүмжилж, эсэргүйцэж байгаа билээ. Учир нь яг энэ цаг үед Орос, Украйны дайн болж байгаа. Нөгөө талаар Монголыг ОХУ-ын дайны бодлогыг дэмжиж байгаа мэт харагдуулах вий хэмээн иргэд дургүйцсээр байна.