АВЛИГЫН “ХАНА, ХЭРЭМ”-ИЙГ НУРААСАН АТГ-ЫН АЖЛЫН ҮР ДҮН
Саяхандаа, бид албан тушаалтнууд авлига аваад л, авсан авлигаараа хэдэн үеэрээ идэж барахгүй хөрөнгөжөөд байгаа талаар өөр зуураа л хэлэлцэж, хий дэмий шогшрохоос хэтэрдэггүй байлаа.
Нөгөө авлигатай тэмцдэг байгууллага нь ч хаа байдаг, юу хийдэг нь ч тодорхойгүй, нүдэн дээр нь авлигачид баяжаад, бидний үр хүүхдийн сайхан амьдрах ирээдүйгээс хумслаад байхад нүдэн балай, чихэн дүлий хэдэн нөхдүүд авлигачидтай тэмцээд байна уу, хамгаалаад байна уу гэдгийг ч анзаардаггүй, ойлгодог ч үгүй л байлаа шүү дээ.
Хааяахан “Нэг авлигачийг барьж гэнэ ээ, тэгснээ хорьсон болоод тавиад явуулчихжээ” гэх “спорт загасчлал” маягийн зүйл л сонсогддог байсан санагдана.
Харин оновчтой бөгөөд шийдэмгий удирдах арга барилаараа цагдаа, хүчний байгууллагад хэдийнэ танил болоод байсан З.Дашдаваа Авлигатай тэмцэх газрын удирдлагаар очсоноос хойш авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны явц сайжирч, түүний үр дүн ч нүдэнд харагдаж эхэлж байгаа талаарх мэдээ чихний үзүүрт сонсогдох боллоо.
Өмнөх арван жилтэй харьцуулбал авлигын гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгах нь хоёр дахин нэмэгдэж, шалгасан гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн буюу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан нь зургаа дахин өссөн гэнэ.
Энэ нь тус газраас иргэд, олон нийт рүү чиглэсэн авлигын эсрэг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж, иргэд, олон нийт маань ч нэгэн үеэ бодвол авлигын гэмт хэрэгтэй зөвхөн төрийн байгууллага тэмцээд үр дүнд хүрдэггүй, иргэдийн оролцоо, хүчин чармайлт ч адилхан нөлөөтэй байдгийг ухамсарлаж байгаагийн нэгэн илрэл юм болов уу. Түүнчлэн Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх 11-11 төв нь авлигын гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг тус утсаар дамжуулан авч, Авлигатай тэмцэх газрын 110 дугаарын утастай холбодог болсоны үр дүн ч гарч байгаа бололтой.
Мөн нэг жилд шалгасан авлигын гэмт хэрэг 6.2 дахин өссөн талаар Авлигатай тэмцэх газрын статистик мэдээллээс уншлаа. 2007-2017 онд жилд дунджаар 1-2 ихдээ л арваадхан хэрэг шийддэг байсан бол одоо нэг долоо хоногт л гэхэд 10-аас дээш хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлдэг болсон нь АТГ үнэхээр л ажлыг хийсэн шиг хийдэг газар болсныг харуулж байна гэхэд хилсдэхгүй болжээ.
Нийгэмд бугшсан авлигын гэмт хэргүүдийг тэд илрүүлэн, шалгаад зогсохгүй төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж эхлээд байгаа нь нэн сайшаалтай. Сүүлийн үед нийгэмд цочроо өгсөн авлигын гэмт хэргүүдээс эргэн саная л даа. Тухайлбал, “Хөгжлийн банк”-ны хэрэг байна . Улс төрийн албан тушаалтнууд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд, түүнчлэн Хөгжлийн банкны удирдлагууд зэрэг нийгэм, олон нийтэд шударга дүртэй хүмүүс “Зээл” нэрээр Хөгжлийн банкыг бараг л тоночихсон байсныг та бүхэн санаж байгаа байх. Авсан зээлээрээ улс эх орондоо хэрэгтэй, эргээд ашиг тусыг өгөх бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлсэн нь хуруу дарам цөөн.
Харин өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжээрээ дамжуулан зээл авсан, зээл гаргаж өгсөний хариуд их хэмжээний хахууль авч, хөлжсөн албан тушаалтнуудын талаар өнгөрсөн хавраас эхлээд нэлээд л шуугилаа. Дээрх хэрэгт холбогдогчдоос эрх мэдэл, мөнгөтэй, нийгэм, улс төрд нөлөө бүхий хүмүүс дийлэнх нь байв. Харин АТГ-ынхан эрх мэдэл, мөнгө, хууль бус үйлдлээр босгочихсон асар том “Хана, хэрэм”-ийг нурааж, зөвхөн Хөгжлийн банкны хэрэгт л гэхэд 90 гаруй албан тушаалтан болон холбогдох хүмүүсийг яллагдагчаар татаж, өнөөдрийн байдлаар төлөгдөхгүй өчнөөн сар, жил болсон 482.1 гаруй тэрбум төгрөгийн зээлийг нөхөн төлүүлээд байгаа гэнэ. Энэ тоо АТГ-ын албан хаагчдын хичээл, зүтгэлийн үр дүнд өдөр ирэх тусам өсөх нь дамжиггүй.
Энэ мэт мөнгө, эрх мэдэл, улс төрийн нөлөөллөөр “Хана, хэрэм” босгон, хуулийг уландаа гишгэгчдийг АТГ л сөрөн зогсож, хуулиар хүлээсэн үүргээ ном, журмынх нь дагуу хийж, нийгэмд шударга ёс тогтоход томоохон үүрэг гүйцэтгэж байгаа нь нууц биш.
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид 2017 онд 3,4 тэрбум, 2018 онд 19,6 тэрбум, 2019 онд 11,3 тэрбум, 2020 онд 35,6 тэрбум, 2021 онд 96,2 тэрбум төгрөгийн хохирлын нөхөн төлүүлсэн нь жилд дунджаар 2,9 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм байна. 2021 онд нөхөн төлүүлсэн 96,2 тэрбум төгрөгөөр 21 аймгийн төв бүрд 200 хүүхдийн цэцэрлэг барих мөнгийг улсын төсөвт оруулсан байна гэх тооцоолол цахим орчинд нийтлэгдэж ч байсан. Улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нь ийм л үр ашигтай зүйл болдог байх нь.