Ардчилсан Солонгос улсад Монгол Улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс /БНАСАУ/-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа.
Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улс, БНАСАУ нь уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд харилцааг цаашид ч тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв. Мөн хоёр орон, ард түмэн бие биеэ дэмжиж ирсэн сайхан уламжлалтайг дурдлаа.
БНАСАУ-д “КОВИД-19” цар тахлын халдвар тархаж, нөхцөл байдал хүндэрч байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлж, Монгол Улсын төр, засаг БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байгааг хэлэв.
Элчин сайд О Сын Хо БНАСАУ, Монгол Улсын үе үеийн төр, засгийн тэргүүн нар болон БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.
Монгол Улсын төр, засаг, ард түмэн БНАСАУ-ын ард иргэдэд тусламжийн гараа сунгаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээ дипломат шугамаар илэрхийлсэнд талархаж байгаагаа хэлэв.