Ч.Жаргалбаатар: Хөгжлийн банкнаас нөлөөгөө ашиглаж зээл авсан улстөрчид уучлалт гуйж огцроод, хуулийн байгууллагаар шалгуулах ёстой

2022 оны 2 сарын 23

Arslan.mn

Сүүлийн үед өрнөж буй зарим асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах III албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатартай ярилцлаа. 

-Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй улстөрчид, тэдний хамаарал бүхий компаниуд холбогдож байна. Энэ байдлыг зогсоохын тулд хуулийн  бодлого, хариуцлага чанга байх ёстой гээд байна. Энэ талаар?  

-АТГ авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Өөрөөр хэлбэл, авлигатай тэмцээд байгаа. Албан тушаалтнуудад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж байгаа. Гэтэл авлигын гэмт хэргийн гаралт жил ирэх тусам нэмэгдээд байна. Энэ нь авлигын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчин хангалтгүй байгаатай холбоотой.

Өнөөдөр авлигын гэмт хэрэгт эрүүгийн ял шийтгэл хүлээчихээд хэсэгхэн хугацааны дараа хүмүүсийг мартагнуулж байгаад дахиад нийтийн албан тушаалд, тэр тусмаа төрийн өмчийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга, удирдлагаар томилогдчихсон ажиллаж байдаг.

Ингэхээр нөгөө шударга ёс хаана байна, сая шийтгүүлсэн хүн ажлаа хийж байна, ял шийтгэл үр нөлөөтэй байх зарчим хэрэгжихгүй байна гэдэг шүүмжлэл гарч иргэдийг бухимдуулж байна. Ялын санкцаас шалтгаалан хэргийн хөөн хэлэлцэх асуудал үүсч байгаа юм.  Эрүүгийн  хуульд заасан гэмт хэргийн шинжүүдийг оновчтой тодорхойлж өгч чадаагүй асуудлууд байгаа. Эрүүгийн хуулийг боловсронгуй болгох шаардлагатай. Албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдэхэд хариуцлагыг нь зохих ёсоор оногдуулж чаддаг байх хэрэгтэй. Улс төрийн хүсэл зоригоо илэрхийлээд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг төрийн алба, нийтийн албанд ажилладаггүй эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлагатай. Хамгийн гол нь хүмүүс нэг нь хахууль  өгч нь ажлаа бүтээгээд, нөгөө нь их бага хэмжээний хахууль авчээ гэсэн монгол хүний сэтгэл зүйн онцлогоор тайван хандаад байдаг. Хохирсоноо мэддэггүй. Монгол Улсын иргэн бүр энэ гэмт хэргийн хохирогч болдог.

Ийм гэмт хэрэгт хатуу ял оногдуулдаг байх ёстой. Манайд авлигын гэмт хэрэгт нийтлэг байдлаар таван жилийн л хорих ялтай байдаг. Эндээсээ хөөн хэлэлцэх хугацааг тооцохоор таван жилийн дараа эрүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн үг.

-Тэгэхээр ялын хэмжээ хөнгөн байгаа нь авлигын хэргийг гааруулах гол зүйл болчихоод байна гэсэн үг үү?

-Улс төрийн цикль, нөхцөл байдлынх нь хувьд аваад үзэхээр сонгуулийн дараа өөрийн багийг бүрдүүлж байна гээд нийтийн албыг тэр чигт нь хөдөлгөдөг. Төрийн албыг дотор нь үндсэн мэргэжилтэй албан хаагчдыг нь чөлөөлдөг. Танил тал, намын гишүүдээ томилчихдог. Ингээд бүхэл бүтэн баг ажиллаж байгаад ажлаа өгсний дараа гэмт хэрэг илрэх нөхцөл байдал бүрддэг. Авлигын гэмт хэрэгтэй тэмцье гэхээр батлаад өгсөн Эрүүгийн хэргийн шийдвэрлэх тухай хуулиар 2020 оны нэгдүгээр сарыг хүртэл төрийн нууцад хамруулсан бичиг баримтаа гаргуулж авч чадахааргүй байлаа. Харин хуульд өөрчлөлт орж байж арай дээр болж байна. Гэхдээ гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюулыг тодорхойлж чадаагүй. Эрүүгийн хуулийн 22.1-д хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, бусдад давуу байдал олгосон аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцдог. 22.2-д нийтийн албан тушаалтан их хэмжээний хохирол учруулсан бол гээд тодорхойлоод өгчихсөн. Их хэмжээ гэдэг бол 50 сая түүнээс дээш хэмжээтэй үнийн дүнг хэлж байгаа юм. Гэтэл оногдуулж байгаа ял санкц нь яг адилхан 1-5 жил хорих ялтай.  Их хэмжээ ч бай, хохирол учруулаагүй ч бай үүнд дүйцүүлэн нийгмийн хор аюулыг нь тооцоололгүйгээр хуульд бичигдсэн байгаа юм.

-Тэгвэл АТГ ажлаа муу хийж байгаагаас Монгол Улс авлигын оноогоороо хойно ороод байна гээд зарим улстөрч хэлдэг. Та бол хуультай холбож тайлбарлаж байна?

-Авлигын индексийг найман үзүүлэлтээр гаргадаг. Эндээс тухайн улсын улстөрчдийн авлигатай тэмцэх хүсэл сонирхол ямар түвшинд байгаа нь хамгийн өндөр оноог эзэлдэг.  Манай улсыг хар жагсаалтад оруулсан. Энэ нь  манай улсын эрх бүхий байгууллагууд авлигатайгаа тэмцэх, терроризмыг санхүүжүүлэх, зүй бус үндэслэлгүйгээр хураасан хөрөнгөө угаагаад байгаа, хууль бус хөрөнгийг эргэлтэд оруулаад байгаа  үйлдэлтэйгээ тэмцэж чадахгүй байна, улстөрчдийн хүсэл сонирхол байхгүй байна гэдэг үүднээс  энэ жагсаалтад оруулсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомж нь сайжраад, улстөрчид нь авлигатай тэмцэх хүсэл сонирхлоо илтэд илэрхийлээд, тэмцэж байж Монгол Улсын авлигын индекс урагшилна.

-Үүнээс гадна авлигын хэргийг гааруулаад байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа гэх зүйл яригддаг?

-Гэмт хэрэг үйлдэж байгаа хүн өөрийгөө баригдахгүй гэсэн бат итгэлтэй байдаг.  Эрх зүйн хувьд эндээс гарах ямар нэгэн боломж бололцоо байгаа гэдгээ урьдчилан тооцоолж байдаг. Тэр тусмаа эдийн засгийн эрх чөлөөнд хүрчихсэн хүмүүс, улс төрийн эрх чөлөөнд хүрчихсэн хүмүүс энэ тооцооллуудыг хийдэг, тэд ардаа бүхэл бүтэн багтай ажилладаг. Хууль зүйн сайд Х.Нямбаатар эрүү, иргэний хэрэг ямар хугацаанд шийдвэрлэгддэг, ямар их зардал гаргадаг зэрэг тооцоо судалгаануудыг нийтэд ил болгосон шүү дээ. Энэ үнэн байхгүй юу.  Хэргээ шийдвэрлүүлэхгүй аль болох удаашруулах, нөгөө хөөн хэлэлцэх хугацаагаа дуусахыг хүлээдэг. Хоёр жилээр ч шийдэгдэхгүй. Шүүх хурал товлоод оролцогчид, өмгөөлөгч ирэхгүй байх зэргээр хэрэг нь хойшлоод л байдаг юм. Энэ нь өөрөө хэргийг шийдүүлэхгүй байх, авлигын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа богино байна гэдгийг харуулж байгаа юм. Ер нь ялын бодлогыг ядаж шударга ёсны зарчимд нийлүүлээд хуульчлаад өгчих юм бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал дагаад байхгүй болно. Хохирлоо төлөхгүй байх, ял завших гээд оролдоод байгаа үйлдлүүд хөөн хэлэлцэх хугацаа нь уртсахаар дагаад байхгүй болно. Тэгэхээр Эрүүгийн хуулийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай.

-Ил болоод байгаа Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал дээр улстөрчдийн нэр нэлээд дуулдаж байна. Таны хэлээд байгаачлан улстөрчдийн авлигатай тэмцэх хүсэл сонирхол тааруу байгаагийн л жишээ байх даа?

-Ер нь улстөрчдийн авлигачидтай тэмцэх хүсэл сонирхол, соёл гэж юм төлөвших ёстой.  Магадгүй улстөрчид өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл аваад өгчихсөн, эрх нөлөөгөө урвуулаад ашиглачихсан болбол өөрөө ард түмнээс уучлалт гуйгаад огцорчих ёстой. Шударгаар хуулийн байгууллагаар шалгуулах ёстой. Гэтэл манай дээр ийм улстөрчид гарахгүй байгаа л даа. Бүгд өөрөө өөрийгөө өмгөөлнө, хамгаална, магадгүй явж явж хамгийн сүүлд нь эдийн засгийн эрсдэлээ тооцож чадаагүйнхээ хор хохирлыг төр лүү чихнэ.

Хөгжлийн банктай холбоотой хэргийг бол яг өнөөдөр шалгаад эхэлчихсэн юм шигээр ойлгоод байна. Хөгжлийн банкны удирдлагаар ажиллаж байсан Н.Мөнхбат гэж хүнтэй холбоотой хэргийг шийдсэн. Хөгжлийн банкнаас зүй бусаар зээл аваад одоо хамаарал бүхий компани руугаа шилжүүлж авсаар байгаад албан тушаалтнуудын хэргийг ч шийдвэрлэсэн.  Хэрэг шийдвэрлэгдэж байна гэдэг нь үүнээс өмнө мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан гэсэн үг шүү дээ.

-Эрүүгийн хуулийг чангатгахаас гадна хялбаршуулсан журам дээр юу гэж бодож байна?

-Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар  эрүүгийн хэргийг шийдвэрлэх ийм зохицуулалт байгаа. Энэ бас дэвшилттэй зохицуулалт, хуульд байх ёстой. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид хүртэл гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн, үйлдсэн этгээд гэмт хэрэг үйлдсэн талаараа сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүмүүст хөнгөлөлт үзүүлэх ёстой гэсэн зөвлөмж байдаг. Дэлхийн улсууд сүүлийн 10 жил энэ хялбаршуулсан журмыг маш их ашигладаг болсон. Энэ нь өөрөө давуу талтай, бас сул талтай. Давуу тал илүү байгаа учраас бид хэрэгжүүлж эхэлсэн.

Гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд мөрдөн шалгах ажиллгааны хугацаа, хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, хуулийн байгууллага дуудсан цагт бэлэн байх ёстой, зорчих эрх нь хязгаарлагдана. Энэ бүхнийг өөрөө нэгэнт буруугаа хүлээн зөвшөөрөөд учруулсан хохирлоо нөхөн төлөөд, дээрээс нь хариуцлагаа хүлээе гэж байхад тэр хүнийг удаан процессоор залхаах явдал байхгүй болж байгаа. Өмгөөлөгчийн зардал гэдэг асуудал нь багасаж байна. Төрийн хувьд учирсан хохирол, хулгайлагдсан хөрөнгөө буцаагаад авж байгаа юм. Шүүн таслах үйл ажиллагааны өмнөх процесс, түүнтэй холбоотой зардлууд нэмэгдэж байгаа юм. Энэ мэтчилэн маш их давуу тал байна. Эрх зүйн бүл хамаарахгүй улс орнууд энэ хялбаршуулсан журмыг ашиглаж байгаа. Харин оногдуулах ял санкцын хувьд хууль сахиулах байгууллага, хуульчид тэрэн дээр оновчтой тодорхойлолтоо хийж өгөх ёстой. 

Дэлхийн чиг хандлагыг харахаар хулгайлагдсан эд хөрөнгийг бүгдийг нь буцааж төлүүлэх, дээрээс нь торгох ялаар шийтгэх, эд хөрөнгийг нь хураая гэдэг хандлага байна. Гэтэл манай улс Эрүүгийн хуульдаа эд хөрөнгө хураах гэдэг ялыг үндсэндээ байхгүй болгочихсон. Эрүүгийн хуульд байгаа албадлагын шинжтэйгээр эд хөрөнгө хураана гэдэг нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг л хураах ойлголт. Энэ хуулийн үндсэн агуулга нь зөрчилдөөд ирэхээр ялын үр нөлөөтэй байх, магадгүй хулгайлсан хөрөнгөө хураалгаад, дээрээс нь торгуулаад, хувьд ноогдох өөрийн хөрөнгөнөөс торгуулаад ирэхээр энэ хүмүүс чинь нэгийг бодно доо. Гэтэл хуульд ийм зохицуулалт байхгүйгээс үүдэлтэйгээр эрсдэл бага учраас авлигын гэмт хэрэг буурахгүй, албан тушаалтнууд энэ төрлийн гэмт хэрэг үйлдээд байна. Тэр тусмаа ял шийтгэлтэй этгээдүүд өчнөөн олноороо төрийн албанд ажиллаж байна шүү дээ.

Олон нийтийн зүгээс ял шийтгэлийн бодлогоо чангатгаач ээ гэдэг шахалтыг тавьж байгаа. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нд дэлхий нийтээрээ Авлигын эсрэг өдрийг тэмдэглэдэг. Энэ өдрөөр ч бүх иргэдийн дуу хоолой ийшээ чиглэдэг. Мөн судлаачид, эрдэмтэд энэ талаар байнга гаргаж тавьж байгаа. Үйл ажиллагаандаа өдөр тутам хуулийг хэрэгжүүлж буй бидний хувьд ч гэсэн чадах хэмжээгээрээ болохгүй байна гэдгийг гаргадаг. Болохгүй байгаа зүйлийг гаргахаар өөдөөс бас няцаалт ирж байна, өөрсдөө ажлаа хийхгүй залхуураад бүхнийг буруу руу чихэж байна гээд. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэдэггүй учраас байгаагаар нь хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй. Авлигатай тэмцэж байна гээд  хуульд байхгүй хэм хэмжээг хэрэгжүүлээд бусдын эрхийг зөрчөөд байж болохгүй шүү дээ. Энэ нь өөрөө эрүүдэн шүүх гэмт хэрэг болж хувирах аюултай.

Хамгийн чухал нь мэдээллийн нээлттэй байдал алга. Хөгжлийн банкны хэнд ямар зээл олгов, ямар барьцаатай вэ гэдэг мэдээлэл нийтэд ил байсан бол өнөөдөр ийм байдалд хүрэх үү үгүй юу гэдгийг бас бодох ёстой.

 

 

Б.Гарьд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634746
0 эможи

keyboard_arrow_up