Аудит: Боомтын лабораториуд импортлогчдын худалдааны ГЭРЭЭГ ЦУЦЛАХ эрсдэлтэй

2022 оны 2 сарын 08

Arslan.mn

Монголын төрийн хүн амынхаа хүнсний аюулгүй байдалд анхаарах бодлого туйлын хангалтгүй, хэрэгжилт “тэг” зааж байгаа нь Үндэсний аудитын газрын  шалгалтаар тогтоогдлоо.

Аудитын шалгалтаар хүнсний аюулгүй байдлыг хангасан олон улсын чанарын стандартад нийцсэн шим тэжээллэг хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд хүртээмжтэй хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарчээ.

Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд хийсэн аудитын шалгалтаар хүнсний салбарын урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явцыг тогтмол хугацаанд үнэлж дүгнэдэггүй, залгамж чанар, уялдаа байхгүй.

Өөрөөр хэлбэл, хүнсний хараат байдал алдагдсан. Цаашлаад импортын хүнсийг аюулгүй байдлын лабораториуд нь бүрэн гүйцэд шинжилж чадахгүй байгааг мэргэжлийн байгууллага тогтоов.

ИМПОРТЫН ХҮНС МОНГОЛ РУУ ЯМАР Ч ШИНЖИЛГЭЭ, БАТАЛГААГҮЙГЭЭР НЭВТЭРЧ БАЙНА

Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн бүрэлдэхүүнд аймаг,  нийслэл дэх Мэргэжлийн хяналтын газрын 25, хилийн мэргэжлийн хяналтын хоёр, нийт 27 лаборатори багтдаг. Тэдгээрт 352 хүн ажиллаж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд хими, хор судлал, нян судлал, ургамлын үр, хорио цээр, цацраг гэсэн төрлүүдээр хяналт тавьдаг байна. Гэтэл лабораториуд итгэмжлэлийн хүрээ дэх үзүүлэлтийн дагуу шинжилгээг хийх ёстой боловч зориулалтын байргүй, тоног төхөөрөмж хуучирсан гэх шалтгаанаар ихэнх аймаг, дүүрэгт  ургамал, хорио цээрийн шинжилгээ хийдэггүй, үйл ажиллагаа доголджээ.

Уг нь БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 20.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2013 онд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн барилгыг барьж, тоног төхөөрөмжийг бэлтгэн хүчин чадлын хувьд улсын хэмжээнд тэргүүлэх лабораторийг бий болгосон боловч нийлүүлсэн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний зардал өндөр, хэрэглэх эм, урвалжийн хүрэлцээ хангалтгүйгээс 100 хувь хүчин чадлаар нь ашиглахгүй байна. Замын Үүд, Алтанбулаг боомтын лабораторийн үйл ажиллагаа сорилт болон  шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий стандарт шаардлагыг хангаагүй. Зөвхөн гаалийн татварын бүрдүүлэлттэй холбоотой барааг  тодорхойлох, кодлох уялдуулсан системийг магадлан шинжилдэг байна. Ийнхүү магадлан итгэмжлэлгүйгээс шинжилгээний сорилтын дүн буруу гарах, маргаан үүссэн тохиолдолд хууль, эрх зүйн хариуцлага хүлээх, төрийн хяналтын байгууллагын нэр хүнд унах, импортлогчдын худалдааны гэрээ цуцлагдах зэрэг эрсдэл үүсэж болзошгүй байгаа гэж аудитын байгууллага дүгнэсэн нь хэр ноцтойг харуулж буй.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Замын-Үүд, Алтанбулагийн хилийн боомт, Дархан-Уул аймагт лабораторийн барилга байгууламж шинээр барих, тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь шинэчлэх төсөл 2019 оноос эхлэн хэрэгжиж байгаа ч  Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын болон Хилийн мэргэжлийн хяналтын албаны лабораторийн барилгын шугам хоолойг тасалж, дэд бүтэцгүй болгосноор зориулалтын байргүй болж, үйл ажиллагаа нь доголджээ.

Замын- Үүд боомтын ХМХА-ны лабораторийн итгэмжлэлийн хугацаа 2020 оны 11 дүгээр  сард дууссан, Алтанбулаг боомтын ХМХА-ны лабораторийн итгэмжлэлийн хугацаа дуусаагүй  боловч тоног төхөөрөмжийг шилжүүлсэн, зориулалтын бус байранд байрлах болсноос  шалтгаалан итгэмжлэлийн хүрээг дахин тодорхойлж гэрчилгээ авах шаардлагыг зөрчсөн нь импортын бүтээгдэхүүнийг буцаах, устгах зэрэг асуудлаас маргаан үүссэн тохиолдолд хууль,эрх зүйн хариуцлага хүлээх, өндөр эрсдэлтэй импортын хүнсний бүтээгдэхүүнийг хилийн хяналтын лабораториор шинжилж чанар, аюулгүй байдлыг тогтоох шинжилгээний хариу буруу гарах, улсын хилээр баталгаагүй хүнс орж ирэх эрсдэлтэй байна.

ПЕСТИЦИДЭД ХЯНАЛТ ТАВИХ, ГАРАЛ ҮҮСЛИЙГ МӨРДӨН МӨШГӨХ ТОГТОЛЦОО ХАНГАЛТГҮЙ

Импортоор оруулж байгаа ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдлийг бүрэн тодорхойлох, пестицидийн тоо хэмжээ, нэр төрөл, хэрэглээнд хяналт тавих, гарал үүслийг мөрдөн мөшгөх тогтолцоо хангалтгүй  гэсэн дүн гарчээ. Тодруулбал, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхэд ургамал хамгаалал онцгой үүрэгтэй бөгөөд түүнийг хэрэгжүүлэхдээ ургамал хамгааллын химийн бодис буюу “пестицид28”-ийг импортоор авч ашиглаж байна. Пестицидийг зөв норм, технологийн дагуу хэрэглээгүйгээс ургамлын гаралтай  бүтээгдэхүүн дэх үлдэгдэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрснээр хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, амь насанд хор уршиг учруулах эрсдэлтэй учраас импорт болон хэрэглээнд хяналт тавих нь үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм. Гэтэл манай улсад пестицидийн тоо хэмжээ, нэр төрөл, хэрэглээнд хяналт тавих, гарал үүслийг мөрдөн мөшгөх тогтолцоо хангалттай ажиллаж чадахгүй байна.

Одоогийн тогтолцоогоор ХХААХҮЯ эрдэс бордоо, пестицид импортлох тусгай зөвшөөрлийг олгож, хилийн боомт дээр ХМХА хянан, хилээр оруулах зөвшөөрөл олгож, хэрэглээнд МХЕГ хяналт тавьж, хорио цээрийн асуудлыг Хилийн хорио цээрийн алба хариуцаж байгаа боловч импортын эрдэс бордоо, пестицидыг хилийн боомт болон гүний лабораторид нарийн шинжилдэггүй бичиг баримтыг шалгах, хянах ажлыг хийдэг боловч чанарын хяналт хийдэггүй нь илэрчээ.

Замын-Үүд боомтоор 2019-2021 оны долдугаар сар хүртэлх хугацаанд 24 нэр төрлийн 1606.6 тонн гербицид, хоёр нэр төрлийн 26.6 тонн инсектицид, таван нэрийн 38.5 тонн фунгицид, нэг төрлийн 4.1 тонн зооцид, Алтанбулаг боомтоор 434.8 тонн гербицид зэргийг импортолжээ.

Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдлийн шинжилгээг МХЕГ-ын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори дараах цөөн үзүүлэлтээр тодорхойлж, аймаг, нийслэл дэх лабораториуд шинжлэхгүй байна. Түүгээр зогсохгүй ургамлын хорио цээрийн лабораторийн шинжилгээнд ашиглах орчин үеийн аргазүй, өвчин, хортон шавжийг зүйлийн түвшинд тодорхойлох аргачлал, багаж төхөөрөмж дутагдалтай байгаагаас шалтгаалан зарим дээжид илэрсэн шавжийг тодорхойлж чадахгүй байна

Замын-Үүд хилийн боомтын ХМХА-ны ургамлын хорио цээрийн лаборатори нь импортоор орж ирж буй төмс, төрөл бүрийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, цагаан будаа, чимэглэлийн цэцэг зэрэг ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд гадаад болон дотоод хорио цээртэй хортон шавж, хачиг, өвчин, хог ургамлаар бохирдсон эсэхийг шинжилдэг бөгөөд 2020 онд 21129 дээжнээс 72, 2021 оны эхний хагас жилийн байдлаар 22328 дээжнээс 63  дээжид ургамлын дотоод хорио цээртэй зүйл илэрсэн байна.Тус лаборатори 2019-2021 оны эхний хагас жилд хүнсний ногоо, жимс, цэцэгний дээжид шинжилгээ хийж, цацаг далавчтан, ургамлын бөөс, шүлхий хачиг зэргийг илрүүлсэн байна. Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд хүнд металлын үлдэгдлийг зөвхөн Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори атом шингээлтийн спектрометрийн багажаар шинжилж, бусад лабораториуд багажгүй тул шинжилдэггүй. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 2014 оноос хойш тоног төхөөрөмжийн дорвитой шинэчлэл хийгээгүй, төсвийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан засвар үйлчилгээг хугацаанд нь хийж чаддаггүй зэрэг дээрх олон шалтгаан, уялдаа холбоо хангалтгүй байдлаас болж импортын хүнс ямар ч нэг шүүлтүүр, баталгаагүйгээр Монгол руу нэвтэрч, түүнийг нь хор, хоол аль болох мэдэхгүйгээр бид хэрэглэж байгаа нь даанч харамсалтай.

 

C.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634280
0 эможи

keyboard_arrow_up