Б.Жавхлан: Энэ зээлийн эргэн төлөлтийг 100 хувь НИЙСЛЭЛ ХАРИУЦНА
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
"100 сая долларын эргэн төлөлтийг хэрхэн төлөх вэ? 420 тэрбум гээд нийслэлд шийдсэн асуудлаа ирэх оноос хэрэгжүүлэх гэж байна. Ахиад цаана нь 300 орчим тэрбум төгрөгийн асуудал босож байгаа юм байна. Өмнөх 420 тэрбумаар юу хийхээ тодорхой төлөвлөсөн зүйл байгаа юу.
Нийтийн тээврийн шинэчлэл гээд есөн тэрбум төгрөг байна. Гэтэл бодитой ажил алга. Дандаа автобусны буудлууд засна гэсэн байна. Зам тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлагыг сайжруулж ТЭЗҮ боловсруулна гэх юм. Өмнөх цаг хугацаанд замуудыг ТЭЗҮ-г боловсруулсан бэлэн байдаггүй юм уу? Ингэж цавчаа хийдэг юмаа болихгүй юм уу? Улс орны эдийн засаг туйлаад байхаар тийм боломжтой байгаа юм уу? Бараг гурав, дөрвөн сая доллароор километр зам засах өргөтгөнө гэж байх уу?" гэдгийг асуув.
Сангийн сайд Б.Жавхлан "Энэ зээлийн эргэн төлөлтийг 100 хувь нийслэл хариуцна. 30 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Жилийн 1.24 хувийн хүүтэй. Хүү нь авч ашигласан зээлийн дүнгээс тооцогдох ёстой" гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар: Тэрбээр "Нийслэл хотын бүтээн байгуулалтад гадны нэмэлт эх үүсвэрийг зохицуулж оруулах шаардлага үүсээд байгаа. Нийслэлийн замыг сайжруулах, засах, өргөтгөх, нэмэх асуудалд хүү багатай урт хугацааны зээл авах шаардлагатай болсон. Бидний гаргасан тооцоо судалгаагаар Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад 9.7 их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Энэ эх үүсвэрээр нийслэлийн зам гүүр, инженерийн байгууламж, дулаан хангамжийн асуудал, гүүрэн байгууламж, ногоон байгууламж, орон сууцны хороолол, түүнийг холбосон дэд бүтцүүдийг шийдэх боломжтой.
Өнөөдөр Улаанбаатар хотын түгжрэлийг зөвхөн зам бариад шийднэ гэдэг бол өрөөсгөл. Улаанбаатар хотод жилд 35 мянган хүн нэмэгдэж байгаа Ховд аймгийн дайны хүн нэмэгдэж байгаа гэсэн үг. Жилд 80 мянган тээврийн хэрэгсэлд хотын хөдөлгөөнд оролцохоор нэмэгддэг. Буруу талдаа рультэй автомашиныг хэрхэн яаж уялдаа холбоотой явуулах уу гэдгийг УИХ-тай хэлэлцэнэ. Хотын даац 800 мянга байх ёстой ч одоогийн байдлаар хоёр дахин нэмэгдсэн. Замын ачаалал даацаа дийлэхгүй байгаа учир түгжирнэ. Тийм учраас уялдаа холбоотой, тооцоотой бодлого хэрэгжүүлнэ" гэлээ.