Э.БАТ-ҮҮЛ: АРД ИРГЭДИЙНХЭЭ ХҮН ЁСНЫ ЭР ЗОРИГИЙГ БҮҮ МОХООГООРОЙ!
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл нарын хүмүүст холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 15-нд шийдвэрээ гаргаж Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон юм. Түүний хорих ангиас бичсэн захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна.
- ДАРАНГУЙЛЛЫН ЭСРЭГ, ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ, ШУНАЛТ ОЛИГАРХИУДЫН АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨ НАМАА НЭГТГЭЭРЭЙ! -
Миний бие 2002 оны арваннэгдүгээр сард сүхбаатарын талбайд “Трактортой цуглаан” зохион байгуулсан юм. Тэр өдрөөс хойш 19 жилийн турш гэр хорооллын иргэдийн хашааны газрыг хамгаалахын төлөө тэмцэж иржээ. Энэ тэмцэл тун амаргүй тэмцэл байсан юм. Юу нь амаргүй байсан гэхээр нэг талаас гэр хорооллын иргэд өөрсдөө хашааных нь газар ямар их үнэ цэнэтэй хөрөнгө болохыг ойлгохгүй байсан. Нөгөө талаас тэдний энэ байдлыг нь ашиглаж хашааных нь газрыг үнэгүйдүүлж авах гэсэн олигархèудын заль мэх нь гүйцэгдэхгүй байлаа.
2002 оны тавдугаар сард Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, тус хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулиуд батлагдсан. Батлагдсан хуулийг хэрэгжүүлэх тухай тогтоолын төсөл УИХ-д орж ирэхэд эрх баригчид яагаад гэнэтхэн газар өмчлөх асуудлыг хуульчлах сонирхолтой болсны цаад санаа илэрсэн юм. Нийслэлийн Баянгол, сүхбаатар, чингэлтэй дүүргийн гэр хорооллын иргэдийн газраас өмчлөлийн төлбөр нэхэн,төлбөрөө эс төлбөл “барилгажих талбай” нэрийдлээр хураахаар төлөвлөсөн байсан. Энэ төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн тулд 2003 онд төвийн таван дүүргийн 11848 хашааны газартай айлыг, 61-ийн гарам, Жаргалант тосгон, Тахилт гэх мэт 18 байршилд 1271 га газарт шилжүүлэн нүүлгэж, суурьшуулах шийдвэр гаргаж байв.
Жил бүр ийм тооны айлыг хотын зах руу нүүлгэх тооцоотой ажиллаж байсан юм.
Ийм хүний үнэргүй, чөлөөт ардчиллын үнэт зүйлүүдийг уландаа гишгэсэн шударга бус явдлыг хараад би Төв, Сэлэнгэ, Дорнод аймгийн тариаланчдын дэмжлэгтэйгээр гэр хорооллын иргэдийн эрх ашгийг хамгаалан, тракторын цуваагаар манлайлсан жагсаалтай Сүхбаатарын талбайд орж, эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан.Тариаланчдын энэ тэмцлийн үр дүнд Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн хашаа “газарт оролгүй” хамгаалагдаж үлдсэн.Гэр хорооллынхныг олигархиудын халдлагаас хамгаалсан жинхэнэ баатрууд бол “Газар” хөдөлгөөний тариаланчид билээ. Тухайн үед трактортай тэмцэлд гэр хорооллынхон минь идэвхтэй оролцоогүй, тэр цуглаанд ирээгүй нь харамсал төрүүлдэг.
Трактортой цуглаан хүчээ авна гэдгээс айсан олигархиуд гэр хорооллынхныг нүүлгэн шилжүүлж, хашааны газрыг нь авах санаархлаа зогсоосон ч гэр хорооллынхныг зүгээр орхиогүй. Тэд 2006 онд хашааны газрынх нь үнэ цэнийг унагааж үнэгүйдүүлэн авах шинэ арга руу шилжсэн юм.
2012 оны нийслэлийн сонгуулиар Ардчилсан Нам анх удаа ялж олонх болсон. Бидний хамгийн эхний ээлжинд гаргасан шийдвэрүүдийн нэг нь хотоос тогтоосон захиргааны үнээс хашааны газрыг чөлөөлж, газрын эзэд газраа чөлөөт үнээр хөрөнгө оруулагч талд худалдаж байх шийдвэр гаргасан. Улмаар хөрөнгө оруулах сонирхолтой компаниудыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан. Энэ бүх арга хэмжээний үр дүнд хашааны газрын үнэ огцом өсч үнэт хөрөнгө болсон. Хашааны газраа бүтэн орон сууцаар солилцдог болсон билээ. Хамгийн сүүлийн жишээ сонсоход 100 айлын долдугаар хорооллын орчимд газрын эзэн 0.05 га газраа 800 мКв үл хөдлөхийн талбайгаар сольсон байна. Энэ бол гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг эхлүүлсний, гэр хорооллын төлөө тэмцсэн бидний тэмцлийн үр дүн юм шүү.
Харамсалтай нь 2016 оны нийслэлийн сонгуулиар Ардчилсан Нам ялагдаж, МАН нийслэлийг эргэн удирдах болсон. Олигархиуд буцаж ирэнгүүтээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоосон.
Дахин төлөвлөлтийн ажлыг зориглон хийж эхэлсэн компаниудын санхүүжилтийг гацааж,тэднийг өрөнд оруулсан. Дахин төлөвлөлтийн дараачийн алхам болж байсан “Сайн хашаа” хөтөлбөрийг шууд “устгахаа” ил тод зарласан.
Тэдний зорилго бол гэр хорооллын утааг арилгаж, ядуурлыг бууруулах нэрээр олон олон их наядаар тоглож хөлжих юм. Гэр хорооллыг үеийн үед төрийн дарга нарын мөнгө хийх бизнес болгон ашигласаар ирсэн. Энэ санаархлаа гүйцэлдүүлж тэрбум тэрбумаар нь мөнгө угаасныг бүгд мэднэ. Үр дүнд нь утаа арилаагүй, ядуурал буураагүй, дахин төлөвлөлт зогссоныг нийтээрээ харж байна.
Гэр хорооллын хашааны газрын үнийг заавал унаган иргэдээ мэхэлж байхын оронд чөлөөт үнээр харилцан ашигтай тохирох дахин төлөвлөлтийн аргаар явж болно. Миний хүү Чулуудайí “Грандлайн” компани ийм боломж бийг тухайн үед үлгэр жишээ харуулж байсан юм.
Би албан тушаалаа ашиглан хүүдээ ямар ч давуу эрх олгоогүй. “Грандлайн” компани дахин төлөвлөлтийн бусад 17 компанитай адил тэнцүү эрх эдэлж байсан. Харин ч улс төрийн дайралтаас болоод төслөө зогсооход хүрсэн юм. Миний хүү гэр хорооллынхныг сайхан амьдруулах гэсэн аавынхаа мөрөөдлийг дэмжиж яваад өнөөдөр улс төрийн золиос болсон шүү!
Хүүтэй минь хамт, мөн миний удирдлага дор гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хариуцаж явсан гэм зэмгүй хүмүүсийг ажлаа хийснийх нь төлөө 2016 оноос хойш залхаан цээрлүүллээ. Эрх баригч Ардын нам 2016 онд төрийн залгамж халаагаа уландаа гишгэж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосноос болж олон айл орон гэргүй болсон. Энэ бүх хог новшоо нэгэн гэр бүлийн аав, хүү хоёрт үүрүүлж, буруугаа тохож, золиослоод өөрсдөө мөнгө угаах гэсэн тэдний шуналт улс төр өнөөдөр намайг шоронд хийж хилсдүүлж чадлаа!
Үүний цаад зорилго нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг бүхэлд нь гутааж, иргэдийн итгэл үнэмшлийг үгүй хийж, хөрөнгө оруулагчдыг айлгаж, хашааны газрыг үнэгүйдүүлэн эздээс нь дээрэмдэн авч, бизнес хийх олигархиудын шунал юм гэдгийг одоо та нар ойлго.
Гэр хорооллын иргэд ээ! Гэхдээ та нар минь битгий ялагдаарай. Хашааны газраа хамгаалаарай. Олигархиудад бүү хууртаарай. Та нарын хашааны газар дээр ирээдүй үе чинь аз жаргалтай амьдрах Шинэ Улаанбаатар босох ёстой!
Та бүгдийн төлөө тэмцсэн миний 19 жилийн тэмцлийг битгий үнэгүйдүүлээрэй! Би ямар ч үр дүнгүй тэмцэл хийсэн баймааргүй байна! Үүний төлөө ямар ч хатуу ширүүн залхаалтыг давахад бэлэн байна! Намайг зүгээр ч гэр хорооллын Бат-Үүл гээгүй юм шүү! Би та нарынхаа төлөө тэмцсээр дуусна аа.
Ардчилсан намын гишүүд ээ!
Дарангуйллын эсрэг, шударга ёсны төлөө, шуналт олигархиудын эсрэг, ардчилал, эрх чөлөөний төлөө НАМАА НЭГТГЭЭРЭЙ!
Эцэст нь хэлэхэд, олон өдөр үргэлжилсэн шүүх хуралдааны үеэр прокурор “Таны Засаг дарга байхдаа хийж, хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагааны төлөө энэ хэрэгт холбогдуулан яллаж байна” гэж хэлэхийг сонсоод маш ихээр цочирдсон. Үүнээс хойш аливаа удирдах албан тушаалтан улс орноо хөгжүүлэхээр гаргасан бодлого шийдвэрийнхээ төлөө ийм айхавтар залхаан цээрлүүлэлт хүртэж ял авдаг жишиг тогтох вий гэдэг харуусал тээн энэ дөрвөн хананы дунд сууна. Прокурорын хэлснээр гэр хорооллын дахин төлөвлөлтийг яллабал Монголын хөгжлийг зогсоох асар том цохилт болно.
Ийм зүйлийн дараа зориглож, улсын хөгжлийг урагшлуулах бүтээн байгуулалт хийх хүн олдохгүй. Захиргааны үйл ажиллагааг хуулийн дагуу явуулсных нь төлөө ялладаг жишиг тогтвол энэ төрд зориглож ажиллах хэн нэгэн гарахгүй шүү. Засаг даргын хувьд гаргасан бодлого, хийсэн үйл ажиллагааг минь гэмт хэрэг гэж үзэж байгаа юм бол энэ залхаан цээрлүүлэлт зөвхөн надаар дуусаг. Хуулийн дагуу оногдсон ажлаа хийсэн гэм зэмгүй хүмүүсийг хоморголон хилсдүүлж огтхон ч болохгүй. Ард иргэдийнхээ хүн ёсны эр зоригийг бүү мохоогоорой. Хууль улам муудвал эцсийн зогсоол нь хэлмэгдүүлэлт байдаг юм шүү гэдгийг хууль, шүүхийнхэн ямагт санаж, хүнлэг энэрэнгүй байх хүн ёсны итгэл үнэмшлээ сэрээгээрэй!
2021.12.19 Хорих ангиас Эрдэнийн Бат-Үүл