Д.Занданбат: Төсвийн зарцуулалт төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийтийг хяналт тавих боломжоор хангах ёстой
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр, төр зардлаа танаж, цомхон чадварлаг бүтцээр ажиллах, төрийн үйлчилгээний санхүүжилтийн механизмыг өөрчлөх замаар боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, халамжийг цэгцэлж хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ирээдүйн өв сангийн өгөөжийг нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хөгжилд чиглүүлэх, хотын түгжрэлийг бууруулах зэрэг томоохон зорилтуудыг тавьсан болохын танилцуулгадаа дурдав.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах, улсын онц чухал объектын хэвийн ажиллагааг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалалтын дэглэм журмыг сахиулах, хил хамгааллын чадавхыг бэхжүүлэх, согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд цахим гав нэвтрүүлэх замаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол барагдуулалтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, цахим виз олгох, экологийн шинжээч ажиллуулж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт үйлдлийн байгаль орчинд учирсан хохирлыг шинжлэн тогтоох зэрэг нийгмийн харилцааг зохицуулах чиглэлээр холбогдох төсвийг тооцож тусгалаа. Түүнчлэн, Монгол Улсын шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг бэхжүүлэх, шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог бие даан ажиллуулах, шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг байгуулах, шүүхийн үйлчилгээг иргэнд хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн байдлаар төсвийг санхүүжүүлэхээр тооцлоо.
Дээрх төсвийн бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүрч, эдийн засаг 5.0 хувиар өсөхөөр төсөөлж байна.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг танилцуулав. Үндэсний аудитын газар нь аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн гаргасан дүгнэлтээс тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэсгийг дараах байдлаар танилцуулсан байна.
Аудитын дүгнэлтийн 6.3-д, Төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, нотолгоо-үр дүнд суурилан хийх ажлыг төлөвшүүлэх шаардлагатай байна.
Тухайлбал, ТЕЗ-дын 2022 онд хэрэгжүүлэх зарим хөтөлбөр, үр дүнгийн үзүүлэлтүүд нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдаагүй, салбарын үйл ажиллагааны үр дүнг бүрэн, бодитой илэрхийлэхгүй байна.
Аудитын дүгнэлтийн 6.6-д, Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлтийн бодлогод нийцүүлэн төрийн захиргааны байгууллагуудын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж байна.
Аудитаар төсвийн төсөлд тусгасан зардал хэмнэх зорилтын хүрээнд МУЗГ-ын 2015 оны 184 дүгээр тогтоолд заасан шаардлагад нийцээгүй суудлын автомашиныг шилжүүлэх, худалдан борлуулах замаар төсвийн зардлыг хэмнэх боломж байна гэж дүгнэсэн. Иймд тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах ТЕЗ-чид Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж, автомашинд зарцуулдаг байсан засвар үйлчилгээ, жолоочийн орон тоо, цалин гэх мэт зардлыг хэмнэх, төр, хувийн хэвшлийн түншлэлээр автомашины хэрэглээг зөв, зохистой шийдвэрлэх боломжтой.
Аудитын дүгнэлтийн 6.7-д, Төсвийн төсөлд тусгагдсан орлого, зардалтай холбоотой нарийвчилсан тоон мэдээлэлтэй нээлттэй танилцах төсвийг оновчтой төлөвлөх, дүн шинжилгээ хийх боломж хязгаарлагдаж байна.
Төсвийн тухай хуульд “төсөв хэлэлцэх, батлах” үйл ажиллагаа нээлттэй /6.5.1/, “батлагдсан төсөв, тэдгээрийн гүйцэтгэл”-ийн ил тод байдлыг хангах /41.7/ болон төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангах /6.5.3/ талаарх зохицуулалтыг тусгаж өгсөн. Харин төсвийн төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санал бэлтгэх үйл ажиллагааг ил тод, нээлттэй, олон нийт хяналт тавих боломж олгох асуудал тодорхойгүй байна.
Төсвийн төлөвлөлтийн чанар сайн бол төсвийн гүйцэтгэл илүү үр дүнд хүрэх нөхцөл хангагдана. Иймд төсвийн төлөвлөлтийн үйл явцыг төсвийн зарцуулалттай нэгэн адил ил тод, нээлттэй байлгах, олон нийт хяналт тавих боломжоор хангах хууль эрх зүйн орчныг бий болгон сайжруулах шаардлагатай.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Ш.Адьшаа, Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Б.Пүрэвдорж, Д.Ганбат, Ц.Сандаг-Очир, Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр нар асуулт асууж, хариулт авсан.
Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж Х.Нямбаатар нарын бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй санал түс бүрээр санал хураалт явуулав. Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.