УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг яллагдагчаар татах тогтоол баталж, танилцуулжээ
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол НПГ-аас энэ сарын эхээр баталжээ.
Улмаар түүнд уг тогтоолыг танилцуулж, эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлэхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэнд прокурор даалгасан байна. Прокурорын баталсан, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг түүнд танилцуулж гарын үсгийг нь зуруулсан гэх мэдээлэл ч байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид холбогдох хэргүүдийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст сэргээн шалгаж эхэлсэн. Улмаар тус газрын мөрдөгчид өнгөрсөн дөрөвдүгээр сард Ховд аймагт очиж Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн бичиг баримтыг нь хураан авсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байсан.
Тодруулбал, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ)-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй.
“Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас нүүрс тээвэрлэдэг БНХАУ-ын 306 иргэнд виз олгохдоо холбогдох хууль тогтоомж зөрчиж, энгийн тарифаар буюу нэг хүнээс 126 000 төгрөг хураах хууль бус үүрэг Б.Пүрэвдорж ИХШХЕГ-ын ажилтнууддаа өгсөн. Үүнээс нь болж 2013 оны арваннэгдүгээр сараас 2014 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд улсын төсөвт орох ёстой байсан 38.5 сая төгрөг ороогүй.
Мөн БНХАУ-ын таван иргэнд яаралтай горимоор буюу нэг хүнээс 504 000 төгрөг хураах ёстой байхад энгийн тариф болох 252 000 төгрөг авч виз олгуулсан, дээрх хоёр үйлдлийнх нь улмаас улсын төсөвт 40 сая төгрөгийн хохирол учирсан гэх үндэслэлээр шалгаж буй. Түүнчлэн Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас улсын төсөвт 236 сая 544 мянган төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт ч Б.Пүрэвдоржийг холбогдуулсан байдаг.
Эдгээрээс гадна Засгийн газрын тусгай сангийн хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авахад эрх мэдлээ ашиглан оролцсон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий хүн болох төрсөн эгчийнх нь нөхөр А.Цогт-Очирын үүсгэн байгуулсан “Жинст транс” ХХК Мал хамгаалах сангаас 1.3 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан байдаг. Барилга угсралт, хуурай замаар ачаа тээвэрлэх, фитнесс клуб, тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг “Жинст транс” ХХК “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд уг зээлийг авсан бөгөөд төрд мөнгөө хугацаанд нь эргүүлэн төлөлгүй 1-2 жил болсон гэдэг.
Бэлтгэсэн Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин