У.Хүрэлсүх: Цар тахлыг даван туулахад төр хувийн хэвшил ойлголцож, хэрүүл тэмцэлгүй байх нь чухал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна.
Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож, бизнес эрхлэгчдийн саналыг сонсож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэллээ. Тэрээр “Эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа мэргэжлийн хяналт болон бусад хүчний байгууллагууд ААН, хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Монгол нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Цар тахлын дараа хэвийн байдалд орохгүй гэж ихэнх улс гүрнүүд үзэж байна. Коронавирустай тэмцэх шалгарсан арга вакцинаас өөр олдоогүй байна. Цар тахлыг хохирол багатай даван туулахад төр хувийн хэвшлийн ойлголцол нэн чухал байна.
ДЭМБ, эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр манай улсад хийж буй дархлаажуулалт харьцангуй хурдтай үргэлжилж байна. Дэлхийн дундажтай харьцуулахад ойролцоогоор зургаан сараар түрүүлж байна. Манай улсын иргэдийн 65 хувь нь дархлаажуулалтын 2 тунг хийлгэжээ.
Дархлаажуулалт нь цар тахлыг хохирол багатайгаар даван туулахад тус болно” гэлээ.
Мөн цар тахлыг хохирол багатай даван туулж, эдийн засгийн сэргэлтээ эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын нягт, үр дүнтэй, нэгдмэл хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал. Иймээс ажилдаа эзний ёсоор хандаж, хийрхсэн улс төр, хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал, дарамт шахалтыг халж, сахилга бат, дэг журмыг чанд сахиж, харилцан уялдаа холбоотой, мэдрэмжтэй, түргэн шуурхай, хариуцлагатай байх шаардлагатайг тэмдэглэв.
Цар тахлын үед орлого багатай иргэдийн амьжиргааг хамгаалах, ажлын байрыг хадгалах, шинээр бий болгоход онцгой анхаарч ажиллахыг уриаллаа.
“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн орчны шинэтгэл”-ийн талаар үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ажлаа хэвийн явуулахад учирч буй хүндрэл бэрхшээл, зовлон жаргал, засаж залруулах асуудлын талаар байр сууриа илэрхийлэх юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|