“Михаил”-ийн бодол юу вэ?

2021 оны 9 сарын 02

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ одоо хэдэн жилийн өмнөх шиг МАН-ын нэг улстөрч, бас сул гишүүн эсвэл гүйцэтгэх засаглалын “гал тогоо” баригч биш. Үндсэн хуулиар овоолчихсон Монгол Улсын Ерөнхий сайд хэмээх их эрх мэдлийн эзэн. Эрх баригч намын дарга. Тэр утгаараа Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг, хийсэн үйлдэл нь улсын хувь заяатай шууд холбогдоно. Тэр хэрээр түүнийг гаднаас ч, дотноос ч анхаарч байна.

Ерөнхий сайдын хувьд ажил нь муугүй гэдэг дүгнэлтийг өгдөг болоод байна. Хэдийгээр энэ албан тушаалд тохоогдоод долоон сарын хугацаа өнгөрсөн ч Засгийн газар нь цар тахлын эсрэг вакцинжуулалтад иргэдээ өндөр хувьтайгаар хамруулж чадсан. Энэ бол ДЭМБ-ын дүгнэлтээр ч амжилт хэмээгдэж буй юм билээ. Гэхдээ өнөөдөр коронавируст цар тахлыг бурхан бууж ирээд ч  нухчин дарж чадахааргүй тийм аюултайгаар дэлхийн хүн төрөлхтөнд халдсаар байна. Эдийн засагт эерэг үр дүн гарсан. “Хасах” үзүүлэлттэй байсан бол “нэмэх” болжээ. Гаднын хөрөнгө оруулалтыг татах тал дээр онцгой анхаарч байгаагаа хөрөнгө оруулагчдаас уучлал хүсэх байдлаар маш тодорхой илэрхийлсэн. Одоо залгаа ажлууд нь хэрхэн үргэлжлэхийг гадна, дотоодоос харж байна. Төрийн дунд, доод шатны албан тушаалтнуудын хүнд суртал, төрийн өмчит компаниудын худалдан авалт зэргийг дагасан авлигыг халах ажилд нь бас алга ташигч олон байгаа юм. Түүнчлэн бүтээн байгуулалтын томоохон төслүүд ч шинээр хөдөлж эхлэв. Улс төрийн хувьд бол ямар ч байсан намынхаа дотоодод ойлголцлыг бий болгосон гэж харагдаж байгаа юм. Нам доторх эсрэг тал болоод байдаг хуучин “32-ын бүлэг”-ийн нөхдүүдээ албан тушаалд томилж эхэлсэн. Д.Хаянхярваа, Д.Оюунхорол гээд нэгэн цагт “нөгөө бүлэг”-ийн гишүүд явсан улстөрчдөд ажил хариуцуулсан. Арваад жилийн турш хоёр талд явсан угшил нэгтэй МАХН-тай нэгдсэн.

Гэхдээ Ерөнхий сайд, МАН-ын даргын сүүлийн үеийн улс төрийн зарим үйл ажиллагаа бол хоёр талтайгаар нийгэмд хүрч байна.

Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдын хувьд хийж буй зарим томилгоо, улс төрийн дотносол улс төрийн хүрээнд ялангуяа, МАН, АН-ынхны дунд чухам л шуугиан дэгдээгээд байна.

Хамгийн том шуугиан нь “...Экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг зөвлөхөөрөө томилох гэнэ” гэсэн мэдээлэл болов. Одоогоор Л.Оюун-Эрдэнэ ч, Х.Баттулга ч, хэн нэг нь гарч ирж энэ мэдээллийг няцааж, бас нотлоогүй байна. Гэхдээ хаврын түймэр шиг тарлаа.

“...АН-аас сонгогдож Ерөнхийлөгч болсон Х.Баттулгыг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ зөвлөх болгох нь” гэсэн шүүмж явж байх шиг байна.

Учир мэдэх хүмүүс бол хоёр талтай зүйл ярьж байх юм.  Түүгээр эхлээд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд Х.Баттулга нөлөөтэй. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ засаг руу нь ирж буй улс төрийн дайралтыг зогсоохоор ийм арга хэмжээ авч байгаа гэсэн яриа байна. Нөгөөх нь Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдын ажил бол намаас тусдаа албан тушаал. Тэр Монгол Улсын Ерөнхий сайд. Бас Х.Баттулга намаас татгалзаж, Ерөнхийлөгч болоод, бууснаасаа хойш гишүүнчлэлээ сэргээгээгүй. Тэгэхээр Монголын төрд Х.Баттулга гэдэг хүн хэрэгтэй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзсэн бол ямар нэг улс төрийн үзэл баримтлалгүйгээр хамтарч ажиллах нь хүн цочирдохоор “дотносол” биш гэв.

Сая шуугиулсан бас нэг томилгоо нь Э.Долгионыг зөвлөхөөрөө авсан явдал болжээ. Хэвлэлүүд ч нэлээд бичсэн харагдана лээ. Уг нь Э.Долгион хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг жирийн нэг сэтгүүлч. Гэхдээ түүний “хамаарал бүхий этгээд”-үүд нь нэгэн цагт Л.Оюун-Эрдэнийн эсрэг явж байсан улстөрчид, бизнесмэнүүд байдаг. Энэ нь шуугих үндэс болжээ. Гэвч Э.Долгионы томилгоо нь Х.Баттулгынхтай адил Ерөнхий сайдын эрх хэмжээний л асуудал гэх “тайлал”-ыг хийцгээж буй ажээ. За, ингэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн экс Ерөнхийлөгч, хэвлэлийн хүн хоёртой хамтран ажиллаж байгаа нь улс төрийн хүрээний томоохон асуудал дэгдээв гэхэд болно.

Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ урьд өмнөх Ерөнхий сайд нар, намын дарга нарын гаргаж байгаагүй шийдвэрүүдийг гаргаад байгаа юм. Энэ нь дөнгөж өчигдрийн юм биш. Тэрбээр Ерөнхий сайд болонгуутаа “сонин сонин” томилгоо хийж эхэлсэн байдаг.

Харин “Михаил”-д ямар бодол байгаад ийм улс төрийн “глобалчлал” хийгээд байгааг ухвал сонирхолтой байж мэдэх юм. Ямартай ч энэ бол өмнөх Ерөнхий сайд, намын дарга нараас уламжлагдаж ирээгүй шийдвэрүүд харагдаад байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.2 ПҮРЭВ № 172 (6649)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630460
2 эможи

keyboard_arrow_up