Хатагтай В.И. Матвиенкогоос МАН-ын дарга М.Энхболдод захидал ирүүлжээ
УИХ-ын дэд дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболдод Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга хатагтай Валентина Ивановна Матвиенкогоос нам хоорондын харилцаа холбоог цаашид улам өргөжүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа илэрхийлж, захидал ирүүлжээ.
Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга хатагтай Валентина Ивановна Матвиенко 2014 оны 6 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсоор айлчлал хийсэн билээ.
Айлчлалын үеэр хатагтай Валентина Ивановна Матвиенко тэргүүтэй төлөөлөгчидтэй УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд уулзаж, санал бодлоо солилцож байсан юм.
Хадагтай В.И. Матвиенко, эрх баригч “Нэгдсэн Орос” намын Удирдах зөвлөлийн гишүүний хувьд МАН-ын даргатай хийсэн энэхүү уулзалтад өндөр ач холбогдол өгч буйгаа онцлон тэмдэглээд уулзалтын үеэр яригдсан асуудлыг ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлж, хоёр намын дарга нарын дараагийн уулзалтыг Москва хотод хийх санал дэвшүүлж байсан.
Хатагтай В.И. Матвиенкогоос МАН-ын дарга М.Энхболдод Монгол оронд хийсэн айлчлалын үеэр сонирхолтой яриа өрнүүлсэнд талархал илэрхийлээд хамтран ажиллах тухай захидал ирүүлжээ.
Захидалд “Орос-Монголын харилцааны цаг үеийн чухал асуудлуудаар тодорхой, илэн далангүй, санал солилцсон явдал нь манай хоёр орны хоорондын олон талт харилцааны ерөнхий байдлыг нэлээд идэвхжүүлсэн билээ. Холбооны зөвлөл нь парламент хоорондын болоод нам хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх хоёр талын сонирхолыг идэвхижүүлэх байр суурьтай байна“ гээд бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Мөн тэрээр Монгол Ардын Намын дарга М.Энхболдод ажлын амжилт хүсч, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөжээ.